Япон Улсын домогт бөх Саори Ёшидагийн олимп, ДАШТ-ий медалиудыг Монголын Чөлөөт бөхийн холбооны цахим хуудаснаа танилцуулсан байна. Эдгээр нь түүний 2002 оны Халкидагийн ДАШТ-ээс 2016 оны Рио хүртэлх олимп, дэлхийн 17 медалийг багтаажээ.
Өдгөө 36 настай Саори Ёшида нь “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-гийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга гэдгийг чөлөөт бөхийн хорхойтнууд андахгүй. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт зодог тайлах болсноо твиттер хуудсаараа жиргэсэн бол пүрэв гарагт /2019.01.10/ Токио хотноо хэвлэлийн хурал хийж, албан ёсоор зарласан юм. Ингэснээр ”Токио 2020” олимпийн наадамд барилдаж, тамирчны карьераа дуусгах бодолтой байсан тэрбээр тус олимпийн наадамд Японы шигшээ багаа бэлтгэж оролцох нь тодорхой болсон.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилтын эзэн Японы “Алтан охин” гэгдэг Ёшида олимп, тив, дэлхийн дэвжээнд ердөө гурван удаа ялагдсан түүхтэй. Тэрбээр 2008 онд Тайюаний Дэлхийн цомын тэмцээнд АНУ-ын Марси ван Душенд, 2012 онд Токиогийн Дэлхийн цомд ОХУ-ын Валерия Кобловад, 2016 онд Риогийн олимпийн наадамд АНУ-ын Хелен Марулист тус тус ялагдсан билээ.
Их Наран улсын Засгийн газраас түүний гавьяаг үнэлж "Ардын баатар" цолыг 2012 онд олгож, Ерөнхий сайд Ёшихико Нода шагналыг гардуулж байв.
Сэтгэгдэл ( 0 )