Шүүхийн серверийг GIZ-ийн санхүүжилтээр өргөтгөхөөр тохиролцлоо

2019 оны 01 сарын 12

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс Монгол Улсад хэрэгжүүлж буй "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяаг (2019.01.11) хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар 2018 онд хэрэгжүүлсэн ажил, энэ оны хамтын ажиллагаагаа ярилцсан юм. 2018 онд хамтран хэрэгжүүлсэн ажил үр нөлөө, бүтээмжтэй байсныг талууд онцлоод энэ онд тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал,

 

1. Цахим программ ашиглах хүрээ нэмэгдэж байгаагийн учраас шүүхийн цахим системийн сервер ачааллаа дийлэхээ больж байгаа. Тиймээс төслийн санхүүжилтээр шүүхийн серверийн өргөтгөхөөр тохиролцлоо. Энэ ажлыг ирэх гуравдугаар сард багтаана гэдгийг төслийн зүгээр илэрхийлсэн юм.

 

2. Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний шүүхтэй холбоотой хэсгийн хэрэгжилтэд Шүүхийн ерөнхий зөвлөл дүн шинжилгээ хийсэн. Үүн дээрээ тулгуурлаж 2020 он хүртэл хэрэгжих стратеги төлөвлөгөөний төслийг бэлтгэж байгаа. Төсөлд зөвлөмж өгөх судлаач, мэргэжлийн баг ажиллуулахад "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн зүгээс хамтрах боломжтой аж. Мөн шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагыг хэлэлцэх олон улсын онол практикийн бага хурал зохион байгуулах талаар талууд тохиролцов.

 

3. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэжил дээшлүүлэх институт байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг мөн илэрхийллээ. 

4. Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 онд шүүхийн хүртээмжийг дээшлүүлэх зорилт тавьсан. Уг зорилтын хүрээнд иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өгөх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

 

5. Шүүхийн тухай багц хуулийг хөгжүүлэх, шат ахиулах бодлогын санал бэлтгэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлд дэмжлэг үзүүлэх талаар санал тавьсныг дэмжив.

Шүүхийн серверийг GIZ-ийн санхүүжилтээр өргөтгөхөөр тохиролцлоо 

Эдгээрээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор Сургалтын үндсэн хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрт тусгаснаар шүүгчдийн сургалт заавал судлах, сонгон судлах хоёр хэсэгтэй болсон. Заавал судлах сургалтын сургагч багш бэлтгэх, чадавхжуулах тал дээр хамтран ажиллах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тавьсан. Мөн ИХШХШТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн багт шүүгчдийг түлхүү оруулах, иргэний хэргийн шүүгчдийн сургалтыг үргэлжлүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байгаагаа "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяа илэрхийлсэн.

Шүүхийн серверийг GIZ-ийн санхүүжилтээр өргөтгөхөөр тохиролцлоо 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хүний нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн багийн гишүүн Ц.Мөнх-Од нар оролцлоо.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top