Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Өлгий сумын ЗДТГ зэрэг байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 7 хоногт угаарын хийд хордсон 5 тохиолдол бүртгэгдэж 17 хүн хордсон тухай мэдээлэл хийсэн. Мөн Томуу томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэгсдийн ихэнх нь бага насны хүүхдүүд эзэлж байгааг онцгой анхаарууллаа.
Үүнээс гадна аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн Баяннуур,Толбо, Булган, Цэнгэл сумдад өвөлжилт хүндэрч, 2500 гаруй толгой мал хорогдсон тухай мэдээлэл хийв. Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Гылымхан холбогдох байгууллагуудын удирдлага, ажилтан алба хаагч, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нарт угаарын хийн хордлого болон томуу томуу төст өвчинөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангаж, зөвлөгөө өгч ажиллахыг анхаарууллаа.
Мөн томуу томуу төст өвчин өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг салбарын яамд уламжилж танилцуулах, томуу өвчнөөр өвчлөгсөдийн судалгаа дүгнэлтийг гаргаж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, Нэгдсэн мэнэлгийн дарга Т.Серикжан нарт үүрэг болголоо. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг байгуулж шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавылд тус тус үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 0 )