“Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээ 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв болон бусад албаны байгууллагууд хамтран оролцож байна.


Тус арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд гудамж талбайд гар дээрээс баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй бараа, бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа иргэдэд хяналт тавьж, Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийж байна. Түүнчлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хяналтын камерын хэвийн ажиллагааг шалгаж, хулгайлах гэмт хэрэг үйлдэгддэг цагуудаар автомашины тээшинд үзлэг шалгалт хийж гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна.


Нийслэлийн хэмжээнд баяр, ёслолын үеэр орон байрны болон халаасны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг тул иргэд сонор, сэрэмжтэй байж, цагдаагийн байгууллагад аливаа гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг цаг алдалгүй өгч байхыг анхааруулж байна.


Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top