ОРХОН: Хүүхэд хөгжлийн төвүүд ажлаа тайлагналаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан гурван төв үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 330 гаруй нь хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдэд зориулагдсан "Найдвар”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Эцэг эхчүүдийн холбоо”, "Итгэлийн мод” ТББ-ын "Сорхугтани” төвүүд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Аймгийн Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын хэлтэс ТББ-ууд хамтран хамтын гэрээ жил бүр хийж, Аймгийн төсвөөс эдгээр төвүүдэд зориулан төсөв баталж өгдөг. Энэ 2019 оны хувьд орон нутгийн төсвөөс гурван төвийн сар болгоны үйл ажиллагааны зардалд 125 сая төгрөг баталж өгсөн байна.

 

Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ч тусгай хэрэгцээт хүүхэд, иргэддээ зориулсан шат дараалалтай төлөвлөгөөт арга хэмжээ зохион байгуулан нийгмийн харилцаанд ороход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Өнгөрсөн онд төвүүдийн ажилласан ажлын тайлан, дэвшилтэт үйл ажиллагааны мэдээллийг сонсож, тайланг дүгнэв. Тайлангийн хуралд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, мэргэжилтэн Б.Эрдэнэбулган нарын тэргүүтэй Санхүү төрийн сан, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Боловсролын газар, Эрүүл мэндийн газрын хариуцсан мэргэжилтнүүд оролцон санал солилцлоо.

 

 Өнгөрсөн оны хувьд шинээр эдгээр төвүүд дээр нэмэгдэн "Сайн үйлс” хэмээх хүүхэд хамгааллын төв шинээр нээгдсэн байна. Энэ төв тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулагдаагүй, эмзэг бүлгийн аав ээж нь архины хамааралтай, гэмт хэрэгт холбогдож болзошгүй эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд чиглэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Орхон аймгийн хувьд анхны хүүхэд хамгааллын төв ийнхүү ажиллаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top