СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг тутамд нэг хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Сүүлийн арван жилийн судалгаанаас харахад, манай улсад бусдын  эд  хөрөнгийг  хулгайлах гэмт  хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгджээ.

 

Мөн 2018 онд улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12,328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь цагдаагийн байгууллгын шалгаж байгаа 3 хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна. Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, энэ нь шунахайн сэдэлтэй, нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг болсон бөгөөд нийт гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрийн түвшингээс шууд хамааралтай болжээ.

 

Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажил арга , хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байна.

 

Гэвч хулгайлах гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөхөд зорилгоор “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол, практикийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг практикт нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

 

Иргэд та бүхэн цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аливаа ажил, арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top