Санчир гарагийн ГОЁМСОГ БҮСЛҮҮРҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Эрдэмтэд Санчир гарагийн гайхамшигтай бүслүүрүүд насны хувьд маш залуу болохыг тогтоожээ. Бүслүүрүүд манай гараг дээр үлэг гүрвэлүүд амьдарч байх үед буюу 100 хүрэхгүй сая жилийн өмнө үүссэн байна.  

 

Энэ нь АНУ, Европын хамтран хөөргөсөн “Cassini” сансрын аппарат 2017 онд аварга гарагийн агаар мандалд орж сүйрэхээсээ өмнө явуулсан сүүлчийн мэдээлэл гэнэ. Санчир гарагийн бүслүүрийн насны талаарх өмнөх тооцоолол олон төрлийн загварчлал шаардаж, тодорхой бус байсан. Гэвч одоогийн шууд тооцооллын аргууд бүслүүрийн насыг оновчтой тодорхойлох боломжийг олгож байна гэж Ромын Сапиенза их сургуулийн профессор Лучиано Иесс ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Бичил мөсөн хэсгүүдээс бүрдсэн эдгээр гоёмсог бүслүүрүүд 4.5 тэрбум жилийн өмнө Санчир гарагтай хамт бий болсон гэж зарим эрдэмтэд үздэг бол зарим нь Санчир гарагийн дагуул, эсвэл сөнөсөн сүүлт одны бутарсан хэсгүүд ийм үзэгдлийг бий болгосон гэж таамагладаг байна.

 

“Cassini” хиймэл дагуул үүрэг гүйцэтгэх сүүлийн өдрүүддээ хийн гарагийн бүслүүр болон үүлний дээгүүр хэд хэдэн удаа нисч, таталцлын хүчний хэмжүүрийн талаарх урьд өмнө байгаагүй мэдээллүүдийн өгсөн байдаг аж.

 

“Cassini” дагуулын тооцоолсноор тус гарагийн бүслүүрүүдийн жин ойролцоогоор 15,400,000,000,000,000 тонн буюу Санчир гарагийн Мимас дагуулын жингийн тавны хоёртой тэнцэх жинтэй гэнэ. Бүслүүрүүдийн жинг тооцоолсноор насыг нь тодорхойлох боломжтой болсон.

 

Ингээд эрдэмтэд Санчир гарагийн бүслүүрүүд 10-100 сая жилийн настай гэж үзэж байгаа бөгөөд нарны аймгийн хувьд бол энэ нь “Өчигдөр” гэсэн үг аж. Өнөөдөр бидэнд харагдаж буй бүслүүрүүд 50-100 сая жилийн өмнөх шиг гоёмсог биш. Тэр үед бүслүүрүүд илүү том, илүү хурц байсан гэж таамаглаж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top