БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

“Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын аймгийн нэгдсэн зөвлөгөөн” өчигдөр, өнөөдөр М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драммын театрт болж байна. Энэхүү зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнөөр Хүүхдийн эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай Засгийн газрын 2018 оны 01 тоот албан даалгавар, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 02 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулж, харилцан сайн туршлагаа хуваалцаж, хүүхдийн эрх хамгааллын орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон салбар дундын хамтын ажиллагаанд цаашид анхаарч ажиллах нэгдсэн зөвлөмжийг гаргаж, иргэд, олон нийт, гэр бүл, аж ахуй нэгж байгууллага болон төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүх шатны байгууллагад мэдээлж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэх аж.

 

Мөн “Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал”, “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, “Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал”, “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль сахиулах байгууллагын үүрэг оролцоо” зэрэг сэдвээр илтгэл тавьж санал асуулга зохион байгуулах юм байна.

 

Зөвлөгөөнд хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сумдын удирдлагууд болон ЕБС-ын захирлууд оролцож байгаа бөгөөд зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Гылымхан нээн үг хэлж, хүүхэд багачуудын төлөө төр, засгаас хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлогын талаар товч мэдээлэл хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top