Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Засгийн газар 2019.01.01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй холбоотой төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байгаа юм.


Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хэлэлцэн баталлаа.


Одоогийн журмаар төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, менежерийн болон гүйцэтгэх албан хаагчийн гэрээг бүтэн жилээр дүгнэж байгаа. Үүнийг шинэ журмаар өөрчилж, хэрэгжилтийг улирал тутам, явцыг бүтэн жилээр дүгнэнэ. Ингэснээр үнэлгээ илүү бодитой болж, сайн ажилласан бол цаг тухайд нь урамшуулж, хангалтгүй бол хариуцлага тооцож байх юм.


Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, туршлагыг нь дээшлүүлэх, шатлан дэвшүүлэх, хөгжүүлэх, ажлын байранд сургах зэрэг боломж бүрдэж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилт хангагдана.


Мөн хуралдаанаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top