Дархан-Уул аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Э.Азжаргалтай ярилцлаа.
-Дархан хотын залуучуудын байгууллагууд хамтран “Хотын шийдэл ба Хөгжлийн ялгарал” гэх томоохон лекц, хэлэлцүүлгүүд зохион байгуулах гэж байна гэж дууллаа. Энэ талаар тодруулъя?
-Дарханы залуучууд хотынхоо ирээдүйг хамтдаа зуръя гэсэн бодолтой байгаа. Залуусын хот гэгдэх Дархан хот маань бидний нүдэн дээр жилээс өнгө алдаж, иргэдийн амжиргаа, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа гээд бүгд л өдрөөс өдөрт улам дордсоор улс орны хэмжээнд бүү хэл бүс нутагтаа сүүл мушгиж эхэлжээ. Тиймээс дээрх байдлыг залуучууд бид хэн нэгэн гаднын хүн эсвэл төр засаг өөрчлөхийг нь харж суух нь утгагүй болчхоод байгаа учраас хотынхоо салбар бүрийн өнгийг тодорхойлж буй залуус болон гадна дотны доннор байгууллагууд, дээрх чиглэлээр мэргэшсэн залуу экспертүүдтэй хамтран Дархан хотынхоо ирээдүйг арай өөрөөр харж эхлэх болсон гэж үзээд дээрх ажлуудыг эхлүүлж байна.
-Нэг удаагийн арга хэмжээ биш байх нь тийм үү?
-Тийм ээ. Энэ ямар нэгэн богино зайн, тодорхойлсон жижиг ашиг сонирхлын төлөө хийгдэж буй ганц нэг удаагийн ажил биш л дээ. Нилээдгүй холыг харж хөдлөж буй эхний алхмууд гэж болно.
-Ямар ажлууд төлөвлөж байгаа гэж ойлгох вэ?
-Энэ талаар одоохондоо бүрэн мэдээлэл өгөх болоогүй байгаа. Одоо болох арга хэмжээний араас тодорхой мэдээллүүдийг нэгдсэн байдлаар хийнэ. Залуучууд маань эхний ээлжид дээрх арга хэмжээнд ирж мэдээлэл авах хэрэгтэй. Тэгээд бүгд хамтран ойрын 10 жил, цаашлаад 20,30 жилийн хөгжлийн зургаа хамтдаа зурна.
-Ийм уулзалт хийх хэрэгцээ шаардлага залууст мэдээж бий байх. Гол нөлөөг та юу гэж харж байгаа вэ?
-Маш товчхон хэлэхэд Дархан хотын суурь үзүүлэлтүүд, зам, дэд бүтэц, иргэдийн амьдралын чанар, боловсон хүчний нөөц гээд хотын ерөнхий бүтэц, чанар тасралтгүй суларсан судалгаанууд гарсан, улс төрчид, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны чанар, үр дүн хотын оршин суугчдын амьдрал, орон нутгийн хөгжилд гол төлөв чиглэхээ больсон. Сүүлийн 25 жилийн хугацаанд сонгууль бүрээр хот төлөвлөлтийн чиглэлээр 4-5 удаагийн хөгжлийн хөтөлбөр бэлтгэж, сүржин зарладаг ч судалгаагаар наад захын алхмуудын хэрэгжилт 0 зэрэг албан ёсны фактууд байна. Зүгээр энгийн үгээр шуудхан хэлэхэд өнөөдөр Дарханыг улс төрчид биш иргэд нь чирч байна.
-Энэ арга хэмжээ хэзээ, хаана, явагдах вэ. Ямар хүмүүс оролцох боломжтой вэ? Төлбөртэй юу?
-Лекц 2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаас “Залуучууд” театрт болно. Төлбөргүй. Дээрх лекцэд Дарханыхаа ирээдүйн дүр зургийг өөрийн зүрх сэтгэлдээ зурчихсан яваа бүхий л залуус оролцох боломжтой. Бүгдэд нээлттэй гэсэн үг.
Сэтгэгдэл ( 0 )