Энэ жил бид Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг олон түүхэн ойг Үндэсний баяр наадамтайгаа хамтатган тэмдэглэх нь. Тиймээс Үндэсний баяр наадмыг нэлээд өргөн хүрээнд тэмдэглэхээр наадмыг зохион байгуулах комисс шийджээ. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмын оршил болгож Монгол туургатны өдөр хэмээх томоохон арга хэмжээг наадмыг зохион байгуулах комисс санаачилсан байна. Ингэснээр монголчууд бид энэ жил Үндэсний их баяр наадмаа долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тэмдэглэн өнгөрүүлэх нь. Энэ өдөр Сүхбаатарын талбайд монгол гэрийн өдөр болох бол долдугаар сарын 6-нд цагаан идээ, 7-нд монгол бичиг, 8-нд язгуур урлаг, 9-нд монгол хувцасны өдөр тус тус болно. Мөн эдгээр өдрүүдэд Төв цэнгэлдэх болон Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, Энхтайвны гүүрийг урьд хожид байгаагүйгээр чимэглэхийг зохион байгуулагчид зорьж байгаа юм байна. Чимэглэл болон наадмын урилга, тасалбар, хүндэтгэлийн тоглолтын урилга зэрэгг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ч.Базарваанийн "Төрийн цагаан сүлд", Терийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн "Мөнх тэнгэрийн чуулган", Хөдөлмөрийн баатар, ардын зураач Н.Цүлтэмийн "Наадам", Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн "Уралдаан наадам", Ардын зураач Б.Чогсомын "Бөх" зэрэг Их Монгол Улс болон Ардын хувьсгалын тухай хүүрнэх бүтээлүүдийг дүрслэн үзүүлэх аж.
Наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлж буйгаар энэ жил Тев цэнгэлдэхийн гадаа талбайг барааны зах нүүгээд ирсэн юм шиг худалдааны газар болгохгүй байх аж. Мөн Улаанбаатар хотын өнгө зүс, түүний дотор Энхтайвны өргөн чөлөөний гэрэлтүүлэг чимэглэлд онцгой анхаарах нь. Наадмын нэгдсэн болон нээлт, хаалтын арга хэмжээний хөтөлбөр зургадугаар сарын 15-нд бэлэн болно. Мөн нэг зүйлийг онцлоход жил жилийн наадмын нээлтийн арга хэмжээний үеэр тасалбар худалдан авсан хэдий ч цэнгэлдэхэд нэвтэрч чадаагүй гэх гомдол байнга гардаг. Тиймээс үүнийг зохицуулах үүднээс энэ жил Төв цэнгэлдэхийн суудлыг дугаарлах гэнэ. Ингэснээр тасалбар дээр бичсэн дугаарын дагуу наадамчид суудлаа эзэлж тухлан сууцгаах нь. Зарим нэг тодорхой болсон зүйлүүдээс дурдахад энэ жил 1024 бөх барилдах бөгөөд тэдний 420 нь улсын цолтой бөхчүүд байх аж. Бөхийн галууд эхнээсээ бэлтгэлдээ гарч эхэлжээ. Хурдан морины салбар хорооныхон энэ жилийн наадмаар зургаан насанд нийт 3500-4000 морь уралдана гэсэн тоог хэлж байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )