Ховдчууд алдартнуудаа тодрууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан салбартаа ажил үйлс, хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвараараа манлайлж, аймаг, сумын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан иргэдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

 

Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн “Есөн алдартан”-г тодруулж, шагналыг нь гардууллаа.“Боловсролын салбарын алдартан”-аар Боловсролын байгууллагад 27 жил ажиллаж байгаа Монгол улсын Зөвлөх багш, 2018 онд бэлтгэсэн шавь нар нь аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн, уралдаан, олимпиадад амжилттай оролцсон амжилтаар "Прогресс" сургуулийн Бага ангийн багш Цэнд-Аюушийн Болд-цэцэг, Эрүүл мэндийн салбарын алдартан”-аар 2018 онд нийт 1458 өвчтөнд гардан эмчилгээ хийж, Эрүүл мэндийн газраас жил бүр зохион байгуулдаг эмч нарын онол практикийн хуралд илтгэл хэлэлцүүлж, сүүлийн 4 жил дараалан тэргүүн байр эзэлсэн амжилтаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч Батнасангийн Алтангадас, Санхүүгийн салбарын алдартан”-аар 2018 онд улс, орон нутгийн төсөвт 13.763 735.6 мянган төгрөгийг төвлөрүүлэн төлөвлөгөөт зорилтыг 115.7 хувиар биелүүлэн ажилласан амжилтаар аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Доржийн Нарантуяа тодорсон.

 

Мөнхүү “Барилга, дэд бүтцийн салбарын алдартан”-аар Жаргалант сумын хэмжээнд 190 аж ахуйн нэгж, 118 нийтийн орон сууцны бохир усны гаргалгааны шугам, өөрийн урсгалт цуглуулах шугамуудын 39.8 км шугамыг хариуцан шуурхай ажилласан амжилтаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын Цэвэрлэх байгууламжийн жолооч Цэнд-Аюушийн Бат-Эрдэнэ, “Бизнесийн салбарын алдартан”-аар 2017 онд үйлдвэрлэлийн зориулалттай 2.800 мкв газрыг худалдан авч эхний ээлжинд 80-100 тн мах хадгалах зориулалттай хөргөлтийн зоорийг барьж ашиглалтад оруулсан, 2018 онд дулааны аргаар мах боловсруулах орчин үеийн шинэ стандарт бүхий үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж 20 орчим хүнийг ажлын байртай болгож, байгаль орчинд ээлтэй, олон улсын стандарт нэвтрүүлсэн зэрэг амжилтаараа “Хан Жаргалант Ховд” хоршооны захирал Дагванамжилын Бадамрагчаа, “Төр, захиргаа, хууль зүйн салбарын алдартан”-аар сүүлийн 3 жилийн хугацаанд 352 удаа харуулын ээлжинд гарч, 7392 цагийн үүрэг гүйцэтгэн ямар нэгэн зөрчилгүй ажилласан амжилтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй хаалттай хорих ангийн Шийдвэр гүйцэтгэх албаны хорих байрны ээлжийн дарга Сүрэнхүүгийн Жаргалсайхан, Соёл урлагийн салбарын алдартан”-аар “Морин хуур-2017“ наадмын тэргүүн дээд шагнал Монгол улсын шилдгийн шилдэг хөгжмийн зохиолчоор шалгарч, “Алтан намар-2018” хөгжмийн наадмын тэргүүн дээд шагналыг Хѳѳмий, Симфони найрал хѳгжимд зориулан бүтээсэн "Сар анх мандсан нутаг" чуулбар бүтээлээрээ хүртсэн зэрэг амжилт гаргасан Чөлөөт уран бүтээлч Базарсадын Хүрэлбаатар тодорчээ.

 

Харин “Спортын салбарын алдартан”-аар 2018 онд Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Отгонбаярын Саруул, “Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын алдартан”-аар хүнсний ногоо дахин боловсруулах жижиг цех ажиллуулж, 9 хүнийг байнгын ажлын байраар, 5-10 хүнийг улирлын чанартай түр ажлын байраар хангасан амжилтаар Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн, Монгол Улсын тэргүүний тариаланч Намсрайн Булгаа  нар тус тус шалгарч, шагналаа гардан авав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top