Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно. Хэдийгээр МҮБХ-ны асуудлаар маргаантай байсан талууд ойлголцолд хүрч, "Бөхийн өргөө" нээгдсэн ч өмнө нь "Буянт-Ухаа" ордонд барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байсан учир ийнхүү сар шинийн барилдааныг том зааланд хийхээр болсон юм.
Барилдааны тасалбарыг нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн "Буянт-Ухаа" спортын төв ордны кассаар худалдаалж эхэлсэн ба тасалбар борлуулалтын явц ямар байгаа талаар тодруулахад "Тасалбар борлуулалт сайн байгаа. Гол байршлууд ерөнхийдөө дууссан. Түрүүлж ирсэн үзэгчид суудлаа сонгож авах боломжтой тул аль болох эрт ирж авахыг хичээгээрэй. Тасалбарыг зөвхөн "Буянт-Ухаа" спортын ордны кассаар худалдана" гэлээ.
Сар шинийн барилдааны тасалбар үнийн хувьд байршил харгалзахгүй 10.000 төгрөг байгаа юм.
Тасалбар дамлахаас болгоомжлох үүднээс нэг хүнд хоёроос илүү билет худалдаалахгүй гэх зарчим барьж байгаа бөгөөл тасалбар худалдаж авахдаа Иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг "Буянт-ухаа" спортын ордны албаны хүн сануулав.
Сэтгэгдэл ( 0 )