“Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэн гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг Цагаан сарын баярт зориулан гаргах гэж байна. “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай”  үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тоглоомын олон төрөл зүйл дэлгэгдэнэ.

 

Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох хамгийн эртний  шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг археологийн олдворуудыг анх удаа нийтэд толилуулахаас гадна ард түмний дунд өнөө хүртэл уламжилсан хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлэх ажээ.


Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачууд уламжлалт тоглоомоор тоглож музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Уламжлалт тоглоом нь хүүхдийн сэтгэхүйг тэлэх, гарын жижиг булчинг хөгжүүлэх, хамтач эвсэг болгох хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг.


“Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” үзэсгэлэнгээс монгол тоглоом наадгайн гарал үүсэл, түүх, тоглоомын төрөл зүйл, тоглох арга, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын сацуу түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан зарим тоглоом наадгайтай танилцах боломжтой. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 15-ныг хүртэл олон нийтэд нээлттэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top