Сар шинийн баярт зориулсан БАРИЛДААНУУД эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Хавдарын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран өчигдөр /2019.02.01/ "Монгол бөхийн өргөө"-нд амжилттай зохион байгууллаа.

 

Барилдаанд 320 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Ц.Бямба-Отгон 9 даван түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай 8 даван үзүүрлэлээ. Их шөвөгт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын баяр наадамд 5 удаа түрүүлсэн манлай заануудын нэг Э.Совджамц шалгарлаа. Уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Түмэндэмбэрэлд гардуулав.


Өнөөдөр /2019.02.02/ Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд 14.00 цагаас болно.

 

Түүнчлэн Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд 10-18 цагийн хооронд "Монгол бөхийн өргөө"-нд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top