“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн тэмцээн болно

2019 оны 02 сарын 12

Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна.

 

Параглайдингийн үүслийг Сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн II дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлогууд хийгдэж байсантай мөн холбодог. 1980-аад онд далавчны дизайныг сайжруулан халин нисэх боломжтой болсноор 1990-ээд онд олон улсад хамгийн их түгсэн байна.

 

Энэхүү гайхалтай спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулагдах “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно.

 

Монгол Улсад анх 1996 онд нэвтэрч байсан тус спорт 2013 оноос хойш эрчимтэй хөгжин Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн тамирчид сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тус спортоор суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол Параглайдинг Клубын туршлагатай нисэгчид анхан шатны сургалтыг явуулдаг байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top