БАЯН-ӨЛГИЙ: ”Зудын эрсдэлээс сэргийлэх” төслийн үр дүнг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Хүүхдийн ивээх сангаас хэрэгжүүлсэн "Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх" төслийн үр дүнгийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх хамгийн өндөр эрсдэлтэй Баян-Өлгий аймгийн зарим сумдад "Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх" төслийг "Хүүхдийг ивээх сан" Английн "Старт сан"-тай хамтран өнгөрсөн оны 12 сарын 25-наас эхлэн 45 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баяннуур, Булган зэрэг гурван сумын 405 малчин өрх тус бүр 240 мянган төгрөгийн мөнгөн болон малын тэжээлийн тусламжинд хамрагдсан юм.

 

Тус төслийн хэрэгжүүлэгч тал болох Хүүхдийн ивээх сан, орон нутгийн удирдлагууд, төсөлд хамрагдсан малчидтай хамтран өчигдөр төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл нар оролцож, өвөлжилт хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан төсөл хэрэгжүүлэгч талд талархаж байгаагаа илэрхийллээ.

 

Япон Улсын Хүүхдийг ивээх сан өнгөрсөн оны долоодугаар сард тохиолдсон үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон зорилтот бүлгийн 678 хүүхдэд тус бүр 200 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн бол энэ удаа малчин өрхийн амьжиргааг хамгаалах зорилгоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баяннуур, Булган сумдын 405 өрхөд "Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх" төсөл хэрэгжүүлж, 97 сая 200 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top