Монголын хөлбөмбөгийн холбоонд ТАВАН УЛСЫН мэргэжилтэн ажиллана

2019 оны 02 сарын 14
Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн босгон дээр Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр Техникийн хэлтсийн удирдлагын бүрэлдэхүүнээ хоёр шилдэг боловсон хүчнээр зузаатгалаа.

Тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны хамт олон сар шинийн золголтоо хийж, сайн үйлсийг ярилцан уулзав. Энэ үеэр Ерөнхийлөгч А.Ганбаатар гадаад мэргэжилтнүүдийн гэрээг батламжилж, гардуулан өгч цаашид хамтран ажиллахдаа талархаж байгаагаа илэрхийлж амжилт хүслээ.


МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тушаал гаргаж, шинэ мэргэжилтнүүдтэйгээ гэрээ байгуулан, гарын үсэг зурсан билээ.


МХБХ-ны Техникийн захирлаар ажиллах Хатем Соусси нь УЕФА “А” болон AFC “PRO” дасгалжуулагчийн зэрэглэлтэй бөгөөд АНЭУ, БНХАУ-д ажиллаж байсан туршлагатай, Азийн Хөлбөмбөгийн Холбооны шилдэг зөвлөхүүдийн нэг. Тэрбээр Тунис гаралтай бөгөөд Шинэ Зеланд улсын шигшээ багт хамгаалагчаар тоглож байгаад хожим нь дасгалжуулагчаар ажиллаж байсан. Франц улсад боловсрол эзэмшсэн, англи, герман, франц, араб зэрэг таван хэлээр төгс ярьдаг. 2005 оноос ОУХБХ-ны (FIFA)-ийн Зөвлөхөөр ажиллаж байгаа нэр хүндтэй мэргэжилтэн юм.


Түүний хамтаар дасгалжуулагчийн боловсрол болон өсвөр үе, идэрчүүдийн хөлбөмбөг хариуцсан менежерээр Словак мэргэжилтэн Растислав Бозик ажиллахаар болж байна. Тэрбээр мөн УЕФА “PRO” зэрэглэлийн дасгалжуулагч бөгөөд Словакийн “Нитра”, АНЭУ-ын “Ал Шааб”, “Ал Вада” клубүүдэд ажиллаад зогсохгүй Малайзын шигшээ багийн биеийн тамир, чийрэгжилт хариуцсан дасгалжуулагч, Вьетнамын 23 насны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан. Шинэ Зеландын Спортын шинжлэх ухааны хэлтсийн зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.


Дашрамд дуулгахад, тун удахгүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Ики Ёожиг орлон ажиллах япон мэргэжилтэн мөн Монгол Улсад хүрэлцэн ирэх юм.


Ийнхүү 2019 онд МХБХ-ны бие бүрэлдэхүүн Герман, Румын, Тунис, Словак, Япон гэсэн таван орны шилдэг мэргэжилтнүүдтэй Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damiran(202.131.245.14) 2019 оны 02 сарын 14

mori Ganboldynkhoo arga barilaas bas l salaagui yavaa baiguullagashdee

0  |  0
Top