Орлогоо хугацаандаа мэдүүлээгүй бол АЛБАН ТУШААЛААС нь чөлөөлнө

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Авлигын эсрэг хуулийн дагуу нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т гаргаж өгөх үүрэг хүлээдэг.

 

Тодруулбал, шинээр албан тушаалд томилогдсон болон сонгогдсон өдрөөс 30 хоногийн дотор, цаашид тухайн албаа хааж байх хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлэх ёстой юм.

 

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд мэдүүлэг гаргавал зохих 41 мянган албан тушаалтан байгаагаас өнөөдрийн байдлаар /2019.02.15/ 39.800 орчим алба хаагч www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар хөрөнгө орлогоо шинэчлэн мэдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, нийт мэдүүлэг өгөх ёстой албан тушаалтнуудын 98 хувь нь хуулийн дагуу үүргээ биелүүлээд байна гэх мэдээллийг АТГ-аас өгч байна.

 

Харин нэг мянга орчим албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлээгүй  байгаа ба сарын 15-ны өдрийн 00:00 цагт https://meduuleg.iaac.mn цахим систем хаагдах учир өнөөдөртөө багтаан мэдүүлгээ ирүүлэхийг анхааруулж байна. 

 

Хэрэв албан тушаалтнууд хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй бол Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцох заалтууд бий.

 

Уг хуулийн 13.8-д мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ хэмээн заасан байдаг.

 

Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн

 

13.8.1-д нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах арга хэмжээ,

 

13.8.2-т зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах,

 

13.8.3-т зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах,

 

13.8.4-т нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах,

 

13.9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна хэмээн заасан байдаг.

 

Өөрөөр хэлбэл, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, хуулийн хугацаа хэтэрсэн, нуун дарагдуулсан хөрөнгийн хэмжээ зэргээс хамааран сахилгын шийтгэл, албан тушаал бууруулах болон ажлаас халах хүртэлх хариуцлага оногдуулдаг. Ингэхдээ, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т хүлээн авч хянаад, хэрэв хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол тухайн хөрөнгөний хэмжээнээс хамаарч албан тушаалтанд хариуцлага тооцох эрх бүхий байгууллагад албан шаардлага хүргүүлж түүний биелэлтэд хяналт тавин ажилладаг байна.

 

Өнгөрөгч онд зөвхөн Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагаас нийт 10 албан тушаалтан хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан зөрчил гаргасан байдаг. Улмаар нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, цалингийн хэмжээг бууруулах сахилгийн шийтгэл оногдуулсан юм. Тухайлбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга, А.Хаянхярваа болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нарыг их хэмжээний хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан гэх шалтгаанаар чөлөөлсөн юм. Мөн Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнд, эхнэрийнхээ нэр дээрх автомашиныг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр цалингийн хэмжээг гурван сар бууруулах арга хэмжээ тус тус авсан юм.

 

Харин олон нийтээс сонгогдсон буюу УИХ-ын гишүүдэд хөрөнгө орлогоо мэдүүлээгүйн улмаас хариуцлага тооцож байсан нэг ч тохиолдол байдаггүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top