“Оюу Толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2019.02.20/ мэдээлэл зарлаж, тус компанийн ажилтнуудын эрхийг хасч байгаа талаар баримтууд дэлгэлээ. Оюутолгой компанийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтээр ажлын хүнд хортой нөхцөл сайжирсан гэх дүгнэлт гаргасан нь ажилчдын цалинг хасах үндэслэл болжээ. Монгол Улсад хөдөлмөрийн нөхцөл байдлын дүгнэлтийг зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар л тодорхойлдог тул хууль бус үндэслэлээр цалин хасч байгаа гэж дүгнэж буй аж. Дээрх судалгааг 2017 оны зургадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 02-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн уурхайн талбарын Хүнд, хортой нөхцөл нөхцөлд ажиллаж буй ажлын байрны судалгаа гэх нэртэйгээр хийжээ. Сүүлийн долоон жилийн хугацаанд Оюутолгой орчим дахь тоосжилтын хэмжээ буурахгүй, дунджаас дээгүүр гэсэн судалгаа гарсан байна. Гэвч хөдөлмөрийн нөхцөл байдлын хууль бус үнэлгээгээр ажилчдын цалинг хасч, төсвөө хэмнэж байна гэж Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэж байгаа юм.
“Бид сүүлийн зургаан сарын хугацаанд Оюу Толгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад удирдлагуудтай уулзаж, үүсч буй нөхцөл байдлаа зөвөөр засахыг сануулсан. Гэвч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ. Хэрэв энэ шийдвэрээ нэн даруй зогсоохгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно” гэж Оюутолгой компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Эрдэнэбаатар ярьсан юм.
Оюутолгой компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас компанийн удирдлагуудад дээрх саналыг тавьж эхэлсэн байна. Ямар нэгэн шийдвэр гараагүй учраас Үйлдвэрчний эвлэлийн зүгээс Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, улмаар Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан журмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хөдөлмөрийн зуучлагч томилуулах хүсэлт гарган, хөдөлмөрийн зуучлагч томилуулсан ч Оюутолгой компанийн зүгээс оролцоогүй байна. Үүгээр зогсохгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын зуучлагч томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. "Оюутолгой" компанийн зүгээс зургаан сарын хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас Үйлдвэрчний эвлэлийнхэн Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )