Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг “Спартак” балетын тоглолт өнөөдөр, маргааш /2019.02.23, 24/ УДБЭТ-ын тайзнаа тавигдана.
А.Хачатуряны "Спартак" балетын анхны тоглолт 1958 онд болж байжээ.
20-р зууны шилдэг балетын нэг гэж үздэг “Спартак” нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.
"Спартак" балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа "драматизм-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна.
Манай улсын тухайд "Спартак" балетыг УДБЭТ-ын тайзнаа анх 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр тоглосон түүхтэй. Тухайн үед Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, тайз чимэглэлийг Ардын зураач Ч.Гунгаасүх гүйцэтгэжээ. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, тайз чимэглэлийг Г.Ганбаатар хийж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )