Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон холбогдох албаны хүмүүс нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Mon Map” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Мэдээлэл технологийн газартай хамтран хот байгуулалтын “Дундын мэдээллийн сан” байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ нь технологийн шийдлийг ашиглан “Нээлттэй ухаалаг хот” болгох зорилтын хүрээнд “Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сан” төслийг хэрэгжүүлжээ. Энэ нь газарзүйн мэдээллийн “Are GIS Earth” системд суурилсан бөгөөд 26 байгууллагатай хамтран ажилласан байна.
Энэхүү системийн зорилго нь орон зайн мэдээллийн системд суурилан Хот байгуулалтын дундын мэдээллийн санг үүсгэснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэгдэх юм. Тус мэдээллийн санд гэмт хэргийн мэдээлэл, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын байршилтай уялдуулан тандах, камерийн хяналт, улсын ба хувийн эмийн сан, авто замын сүлжээ, авто зогсоолын мэдээлэл, гал түймрийн бүртгэл, цэцэрлэг сургуулийн хүртээмж, аялал жуулчлал, газрын дахин төлөвлөлт хийх байршил, архитектор орон зайн бүсчлэл, инженерийн шугам сүлжээ, агаарын бохирдлын эх үүсвэр, үерийн дүн шинжилгээ, хөрсний бүдүүвчийн зураглал, хүнд металлд бохирдсон цэгийн судалгаа гэх мэт төрөл бүрийн мэдээллийг нэг дороос авах давуу талтай юм.
Сэтгэгдэл ( 0 )