Ерөнхий сайд Таэквондогийн их мастер боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жөн Ил бараалхаж, Таэквондогийн хүндэтгэлийн VII дан буюу их мастер цолны батламжийг гардууллаа. Таэквондогийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, спортод элэгтэй хүмүүс энэхүү хүндэтгэлийг хүлээдэг байна. Сүүлийн жилүүдэд манай тамирчид олимп, тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд өндөр амжилт гаргаж, улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа нь тамирчдын нөр их хүч, хөдөлмөрийн үр шим төдийгүй Монгол Улсын Засгийн газраас спортыг хөгжүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч анхаарч байгаагийн илрэл юм. Спортод элэгтэй төрийн тэргүүнүүдэд дэлхийн улс орнууд хүндэтгэлийн зэрэг, цолоо олгодог энэхүү жишгийн дагуу өмнө нь Ерөнхий сайд С.Батболд 2002 онд ГХ-ийн дэд сайдын албыг хашиж байх үедээ Японы Киокушинкай каратэгийн V даныг хүртэж байжээ. Энэ хүндтэй зэргийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин болон бусад нэр хүндтэй хүмүүс хүртэж байсан байна. Ирэх жил Англи улсад болох "Лондон-2012" дэлхийн зуны спортын 30-р олимпт баг тамирчдаа бэлтгэн оролцуулах үндэсний хороог ахлаж байгаа Ерөнхий сайд тамирчдадаа онцгой анхаарал хандуулан бүх талаар тусалж, дэмжинэ гэдгээ хэллээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top