Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд Дархан-Уул аймаг иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээ, ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах, төрийн үйлчилгээний оновчтой чиг үүргийг бий болгох, үр дүнд суурилсан удирдлага, иргэн төвтэй төрийн алба гэсэн таван үндсэн зорилтын хүрээнд 70 орчим арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг бүрэн холбож, төрийн 320 орчим үйлчилгээг цахимаар үзүүлж, шуурхай, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох юм.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын тушаалаар “Дижитал шилжилтийг хэрэгжүүлэх ажлын хэсэг” байгуулагдсан байна. Энэ ажлын хэсэг хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж, дижитал шилжилтийн талаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийн, албан хаагчдад мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )