“Бүсгүй мэлмий” гэрэл зургийн үзэсгэлэн Улаан-Үдэд гарч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Буриадын Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит Уран сайхны музейд эмэгтэй гэрэл зурагчдын "Мир глазами женщин” буюу “Бүсгүй мэлмий-3” үзэсгэлэн 2-р сарын 28-нд нээлтээ хийлээ.  

Үзэсгэлэнд Монгол, Япон, ОХУ-ын эмэгтэй гэрэл зурагчид уран бүтээлээ толилуулж байна. Светлана Целовальникова (Буриад), Анастасия Нефедьева (Буриад), С.Бадамханд (Монгол), Мацүмото Ёшико (Япон), Хироэ Шимада (Япон), М.Бундаа (Монгол), Елена Вторушина (Буриад), Д.Отгонтуяа (Монгол), Виктория Раднаева (Буриад), Д.Мөнхцэцэг (Монгол), Ч.Нарантуяа (Монгол), Б.Отгонгэрэл (Монгол), Г.Эрдэнэтуяа (Монгол) нарын 100 гаруй гэрэл зураг тавигджээ.  

Буриадын Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Алексей Фишев нээлтийн ёслол дээр “Амьдрал маш хурдан өнгөрдөг тул бид чухал цаг, мөчийг харж чадахгүй алддаг. Харин гэрэл зурагчид бидэнд энэ мөчийг харах боломж олгодог билээ. Ялангуяа эмэгтэй гэрэл зурагчид маш мэдрэмжтэй байдаг тул тэдний гэрэл зургийн онцлогийг олж харах нь энэ үзэсгэлэнгийн гол утга учир юм” гэж хэлсэн байна.

Үзэсгэлэн энэ сарыг дуустал олны хүртээл болно.

Хэдийгээр орос нэр нь "Мир глазами женщин” ч энэ үзэсгэлэн “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнгийн 3 дахь нь болон үзэгчдэд хүрч байгаа юм. Монголд гэрэл зургийн алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан эмэгтэй гэрэл зурагчид “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг анх 2015 онд үзэгчдийн хүртээл болгож, 13 уран бүтээлч оролцож байлаа. Харин өнгөрсөн жил Японы эмэгтэй гэрэл зурагчидтай хамтран, “Бүсгүй мэлмий 2” үзэсгэлэн гаргасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top