Инфографик: Гэмт этгээд шилжүүлэх тухай хуулийн танилцуулга

2019 оны 03 сарын 11

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

 
“ГЭМТ ЭТГЭЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ 
ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ хуулийн зорилт нь хоёр орны хооронд гэмт этгээд шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино. 

    Гэрээ соёрхон батлах тухай хууль нь 1 зүйл, гэрээ нь 23 зүйлээс бүрдэнэ.

2017 оны 12 дугаар сарын байдлаар олон тооны иргэд харилцан зорчих болсон нь хоёр улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд гэмт хэрэг зөрчил гарах үндэс бий болох тул гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичгийг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломж бүрдэнэ. 

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” соёрхон батлах тухай хууль нь эрх зүйн туслалцаа үзүүлэх хоёр талт олон улсын гэрээ тул Улсын Их Хурлаар соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top