Майкл Жордан, Леброн Жеймсийн ХЭН НЬ ШИЛДЭГ ВЭ?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

32292 бол сагсан бөмбөгийн хувьд онцгой тоо. Агуу Жордан замналынхаа турш ийм оноо авсан юм. Майкл Жордан гэдэг нэр дэлхийн бөмбөрцгийн хаана ч сагсан бөмбөг хэмээх спортыг төлөөлж чадна. Тэр бол NBA-г сансрын хэмжээнд хүртэл алдаршуулж чадсан хүн. Үгүй тэр хүн биш, Майкл бол “Сагсан бөмбөгийн Бурхан тэнгэр” байлаа. Гэхдээ тэр сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн их оноотой тамирчин биш. Та гайхаж болох юм. Агуу Жорданы өмнө авсан оноо, оруулсан гоолын тоогоор 3 тоглогч бичигдэж байсан бол энэ сарын 7-нд Леброн Жеймс түүнийг гүйцэн тэргүүлсэн билээ.

“Бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгч” хэн бэ? Майкл Жордан уу, Леброн Жеймс үү? “Марадона илүү юу, Месси илүү юу” гэдэг асуулттай ижилхэн сонсогдож байна уу? Өөр өөр цаг үеийн тамирчдыг харьцуулах нь хэцүү ч оролдоод үзэхэд яагаад болохгүй гэж?

Жорданы фэнүүд Лебронд дургүй. 2003 онд драфтад дөнгөж сонгогдоод байсан 19 настай Леброн өөрийгөө “Хаан” хэмээн нэрлэж байхдаа замналынхаа гол зорилгыг тодорхойлж байсан юм. Тиймээ, тэр Жорданыг нэхэн гүйцэх гэж байгаагаа нуугаагүй. Жорданыг шүтэн бишрэгч олон сая хүн Леброны энэ мэдэгдлийг доромжлол хэмээн хүлээн авсан. Яг тэр жил нь Жордан зодог тайлсан ч Леброны замнал Жордантай салшгүй холбоотой. Саяхан Леброн энэ холбоогоо “Сүүдэртэй хөөцөлдөх” гэж нэрлэсэн билээ. Гэхдээ энэ хөөцөлдөөн өнөөгийн NBA-гийн нэгэн хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй.

БИЕ

Леброн

 

  • Өндөр-203 см
  • Жин-113 кг

Жордан

 

  • Өндөр-198 см
  • Жин-99 кг

Гарын алд. Сагсан бөмбөгт ялангуяа хамгаалалтад гарын алдны урт маш чухал. 

 

  • Леброн-214 см
  • Жордан-212 см

Леброн Жорданаас 5 см өндөр ч гарын алд бараг адил­хан байна. Өөрөөр хэл­бэл хамгаалалтад гар сунгах зай ялгаагүй гэсэн үг. Жордан цаг үеийнхээ хамгийн хүчир­хэг тамирчны нэг байсан бол Леброн бүх цаг үеийн хамгийн хүчирхэг тамирчин. Хүч чадлаар Жеймс “нураан сүйтгэдэг” газар Жордан уян хатан чадвар, заль мэхээр аргалдаг.


ХУРД

Аварга том биетэй ч Леброн NBA-д дээгүүрт тооцогдох хурдтай тамирчин. Талбайн нэг захаас нөгөө зах хүртэл тэр Крис Полтой ижил хугацаанд гүйдэг.  Шулуун зайд бол хоёр тамирчин ижилхэн гэж үзэхэд болно. Гэхдээ Леброноос жижиг биетэй, авхаалж самбаатай Жордан илүү хурдтай. Жордан ямар ч жижигхэн зайд өрсөлдөгч багийн хамгаалалтыг сэтлэн, оноо авдаг байснаас энэ нь тод харагдана.


ҮСРЭЛТ

Леброн

 

  • Зогсож байгаад үсрэх-118,2 см
  • Хамгийн өндөр хүрэх цэг-392 см

Жордан

 

  • Зогсож байгаад үсрэх-122 см
  • Хамгийн өндөр хүрэх цэг-392 см

Хэн хэн нь үсрэлт бараг адилхан байна. Нисдэг хэмээн алдаршсан Жорданы агаарт тогтох хугацаа урт байх нь ойлгомжтой. Гэхдээ аварга биетэй Жеймс Жордантай бараг ижил үсрэлттэй байгаа нь гайхамшиг. Ийнхүү хурд, хөдөлгөөнөөр Жордан, хүч чадлаар Леброн илүү гэсэн дүгнэлт гарч байгаа юм.
 

ТОГЛОЛТЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ

ДОВТОЛГОО

Түүхэн дэх хамгийн тэгш тоглогч гэгддэг Леброн залуудаа PG буюу холбон тоглогчоор тоглож байсан. Үндсэн байрлал нь SF буюу намхан довтлогч ч холбон тоглогч, хүчний довтлогчоор ч тоглох чадвартай. Тэр талбайн хаанаас ч оноо авч чадна. Ялангуяа биеэ ашиглан, нэгийн эсрэг нэг довтлохдоо гарамгай. Леброны хамгийн гайхалтай зүйл бол хамгаалагчдаас бие, ур чадвараар илүү байдал үүсгэж чаддаг. Ямар ч байрлалд тоглодог тул хэн хамгаалж байгаагаас шалтгаалан тоглолтоо өөрчилж чадна. Өөрөө­сөө намхан хамгаалагчийг хүч хурдаар аагладаг бол өндөр хам­гаа­лагчийг хурдаар илүүрхдэг. Том биетэй ч хурд, хөдөлгөөн сайн тул эсрэг багийн хамгаалагчдыг алдаа гаргуулж, оновчтой дамжуулалт өгөхдөө сайн. NBA-д анх орж байсан эхний үедээ тэр 3 онооны шидэлт алддаг байсан ч сүүлийн үед сайжирсан тул зайнаас хамгаалахад ч хэцүү, ер нь яаж ч хамгаалахад маш хэцүү тоглогч болсон. Сүүлийн үед хожлын оноо авах нь нэмэгдэж байгаа. Нийт дамжуулалтын тоо, дунджаар ч Жордангаас илүү байгаа.

Харин Жордан бол бүх цаг үеийн түүхэнд дундаж оноо авал­таар NBA-г тэргүүлдэг бөгөөд Леброноос ялгаатай нь оновчтой дамжуулалт өгөхөөсөө илүүтэйгээр өөрөө оноо авдаг тоглогч. Маш бага зайд оноо авах, тоглолтын төгсгөлд шийдвэрлэх довтолгоог зохион байгуулахдаа сайн. Сэтгэлийн хүч, зориг Жордан нь илүү ч Леброн муу гэхээсээ илүү Жордан энэ тал дээр хэт сайн гэж хэлж болох юм.

ХАМГААЛАЛТ

Леброн хамгаалахдаа ч тэгш тоглогч. Аль ч байрлалд хам­гаалж, төвд ч тоглож чадна. 2010-2011 оны плей-оффд NBA-гийн улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болсон Деррик Рөүзийг, Лондонгийн олимпийн финалд Испанийн Пау Газолийг тэр хамгаалж чадсан билээ. 5 удаа NBA-гийн хамгаалалтын I багт багтсан (2009, 2010, 2011, 2012, 2013).

Гэхдээ Жордан ч лигийн хам­гаалалт сайн тоглогчийн нэг. Довтолдог л тамирчин гэж хэлүүлэх дургүй тул Жордан хамгаалалтдаа анхааран, шилдэг хамгаалах чиглэлийн тоглогчийн шагнал ч хүртэж байлаа.

Үсрэлт сайтай тул өрсөл­дөгчийнхөө шидэлтийг хаалт хийж, харин бөмбөг тас­лал­таар түүхэнд 3-т бичигдэж байна. Домогт Жерри Уэст ч “Жорданы хамгаалах чадвар довтолгооноос нь илүү” гэж магтсан байдаг.

Блок шот, бөмбөг таслалтдаа сайн Жордан, бүх байрлалд хамгаалж чадах Леброн хоёрын хэн нь хамгаалалтад сайныг сонгох хэцүү.

Ингээд нийтэд нь авч үзэхэд төгс бие бялдар, ур чадвараараа хамгаалалт, довтолгоонд ч сайн ашигладаг тэгш тоглогч Леброн. Довтолгооны мэдрэмж, ялах эрмэлзэл дүүрэн, өөр­төө итгэлтэй, шилдэг хамгаа­лагчдын нэг Жордан.

Өөр стильтэй агуу хоёр тоглог­чийн хэн нь илүүг хэлэх хэцүү. Статистик тоо авч үзье.

АМЖИЛТ

Жеймс Леброн
 

  • Түрүү-3 (2012, 2013, 2016)
  • НБА-гийн шувтаргын MVP-3 (2012, 2013, 2016)
  • НБА-гийн улирлын MVP-4 (2009-2010, 2012-2013)
  • НБА-гийн улирлыг оноогоор тэргүүлэгч-1 (2008)
  • Дунджаар 27.2 оноо, самбараас бөмбөг авалт 7.4, дамжуулалт 7.2, бөмбөг таслалт 1.6.


Майкл Жордан
 

  • Түрүү-6 (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998)
  • НБА-гийн шувтаргын MVP-6 (1991-1993, 1996-1998)
  • НБА-гийн улирлын MVP-5 (1988,1991, 1992, 1996, 1998)
  • НБА-гийн улирлыг оноогоор тэргүүлэгч-10 (1987-1993, 1996-1998)
  • Дунджаар 30.1 оноо, самбараас бөмбөг авалт 5.9, дамжуулалт 4.4, бөмбөг таслалт 2.3.

Аваргын цом, улирлыг оноо авалтаар  тэргүүлсэн тоогоор Жордан илүү байна. Гэхдээ Леброн цэвэр оноо авагч биш ч дунджаар 27.2 оноо авсан нь гайхалтай төдийгүй Жорданаас дөнгөж 3 оноо дутуу байгаа нь маш сайн үзүүлэлт.

Самбараас бөмбөг авалт, дамжуулалтаар Леброн илүү байгаа нь Майклаас илүү олон талтай гэдгийг нь харуулж байна. Түрүүлсэн тоо нь шилдэг тоглогчийн тоотой нь тэнцэж байгаа нь тэднийг багийнхаа лидер гэдгийг харуулна. Сүү­­­лийн жилүүдэд ноёрхож байгаа Стефен Көрри түүхэнд үлдэх шилдэг тоглогч гэдэг нь маргаангүй ч 3 түрүүлэхдээ нэг ч удаа финалын шилдгээр тодорч байгаагүй.

Гэхдээ сагсан бөмбөгт Аваргын цом хамгийн чухал нь бөгөөд 6 түрүүлсэн Жорданыг давахын тулд Лебронд дахиад 3 түрүү хэрэгтэй байна. Замнал нь төгсөх шатандаа орсон Леброн одоо 34 настай. Нийт онооны тоогоор Жорданыг давсан ч зодог тайлтлаа дахиад хэдэн удаа түрүүлж байж, Жеймс Агуу Жордантай зэрэгцэх болно.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MJ(202.9.42.219) 2023 оны 10 сарын 05

Бүх цаг үе гэвэл Леброн эхний 5 д байна уу гэхээс Жордантай өрсөлдөхүйц хэмжээний биш л дээ Карим Абдул Жаббар Оскар Робертсон энэ тэр гээд одооны сагсанд элбэг тоглочно 1990 оноос хойш төрөгсөд одоогийн эмэгтэйлэг сагсан бөмбөгт Жордан эсвэл Кобэ 60с дээш оноо авчих чадвартай гэдгийг тоглолтыг нь хараагүй болхоор мэдэхгүй байгаа юм

1  |  1
Jordan(24.13.36.85) 2022 оны 06 сарын 07

Jordan iluu iluu iluu iluu

0  |  1
Dorj(99.102.44.225) 2019 оны 03 сарын 23

Lebron bar hecel abraga bcon kobu jordon 1bart 5-6 abraga bcon enreer oor uymaa

0  |  0
123(112.72.11.117) 2019 оны 03 сарын 23

дунд ньзавсарлаж бариагүй бол жорданыг хүнтэй зүйрлэх аргагүй статистик үлдэх байсан бх

0  |  0
Искренний Филолог(202.131.247.218) 2019 оны 03 сарын 22

Жордан аугаа жордан.

0  |  0
Халиунаа(66.181.160.70) 2022 оны 06 сарын 07

Леброн бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч мөнөөсөө мөн Коби ч Лебронд хүрэхгүй байх. Харин Майкл ... НБА-гийн Бурхан тэнгэр шүү дээ.

1  |  0
Гэрлээ(66.181.161.18) 2019 оны 03 сарын 22

Жексон амьд гэдэг шиг Жордан агуу

0  |  0
Top