Жинлүүрийн нэг талд эр зоригоороо ганц бие ээжийн амьдралыг түрхэх нүүрний тос, идэх хоолтой бардам туулж яваа бүсгүйчүүдийн түүх. Харин жинлүүрийн нөгөө талд гэр бүлээ хэрхэн бүтэн авч үлдэх вэ гэж тархиа гашилган, харилцан буулт хийж байгаа залуу... Аль нь ч байсан, хэн ч гэсэн аз жаргалыг эрэн бэдэрч, өөрийнхөө томъёоллоор амьдралаа зохион бүтээж байгаа. Уран бүтээлчид алаг эрээн энэ хорвоог нэг бол галдан шатааж, дүрэлзүүлж цочроох эс бол аргадан уярааж эвлэрүүлэх зорилттой нөр их хөдөлмөр зарцуулдаг жамтай.
“Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” кино нээлтээ хийгээд яг 25 хонож байна. Энэ хугацаанд өдөр бүр үзэгчдийн талархсан сэтгэгдлийг тус продакшны пэйж хуудас, жүжигчдийн сошиал хаягнаас уншиж байгаа билээ. Ихэвчлэн сөрөг коммент дүүрэн байдаг сошиал ертөнцөд ингэж гэгээлэг сэтгэгдлийн хур олноор бууж байгаа нь бараг анхных гэхэд хэтрүүлэг болохгүй. Бүр гэр бүл хоорондоо эвлэрч байгаа хэсэг хамгийн их анхаарал татаж, нүдэнд тусав. Нэг ч гэсэн айл бүтэн үлдэж байгаа нь талархууштай хэрэг.
20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж, нийгэмд од цацруулсан “Хувьсал”-ын хамт олонд үнэхээр талархаж байна. Нэг киноноос улбаалж нийгэмд ийм сайхан салхи сэвэлзэнэ гэдэг ёстой л тэнгэрээс буусан гайхамшиг гэмээр юм. Кино үзэгчдийн тоогоор тэргүүлэх, гол дүр О.Дөлгөөний даашинз бүсгүйчүүдийн хаврын гоёлоор сонгогдож, киноны дуу нь хит боллоо.
Энэ мэтчилэн олон гайхамшиг үргэлжилж байна. Ер нь гайхамшиг, гайхалтай сайхан, үнэхээр сайхан гэдэг ч юм уу иймэрхүү магтаал талархлын үгсийг бид өдөр тутамдаа ховор хэрэглэдэг бололтой. Тэр бүгдийг “Хувьсал”-ын бүтээл нийгэмд эргэн авчирлаа. “Тэнгэрээс буусан од” гайхамшиг түгээсээр...
Сэтгэгдэл ( 1 )
Kino unexeer ikh taalagdsan. Zaluuchuud khuukhduud uzeed ikh zuil oilgokh baikhaa...