Сэлэнгэ аймаг малчдынхаа зөвлөгөөнийг зохион байгуулж /2019.03.29/ байна. Төрөөс 2025 он хүртэл Хүнс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогоо тодорхойлсон. Үүнд Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх”-ээр зорьсон. Энэ хүрээнд тус бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчдынхаа малыг фермерээр буюу нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэнээр малчдын эдийн засагт ээлтэйгээр шийдэгдэж, тариа буудайгаа тарих газар ч давхар шийдэгдэнэ гэсэн үг юм.
Сэлэнгэ аймаг 109 мянган хүн амтай, нийт хөдөлмөрийн насны иргэдийн 28,3 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг байна. Өнгөрсөн оны байдлаар сая таван зуун дөч гаруй мянган мал, 9500 орчим малчин өрх тоологджээ. Сэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд малын тоо толгой нэмэгдсэнээр бэлчээрийн даац 2,8 дахин нээгдэж, бэлчээр ашиглалтыг зохиостой хэмжээнд аваачихгүй бол малчиддаа болон нөгөө талдаа тариаланчиддаа хүндрэл учрах хэмжээнд очсон байна. Тиймээс нийт малчдын нэг малаас авах ашиг шимийг өндөрсгөснөөр малын тоо толгойг бууруулж, тариаланчид ч мөн малчидтайгаа хамтран ажиллаж нийт тариалан эрхлэх талбайнхаа тодорхой хувьд малын тэжээл тарьж хамтрах нь аль аль талдаа ашигтай гэж үзэж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Мал аж ахуйг хөгжүүлэх хэтийн бодлого нь малын тоог тогтвортой хэмжээнд байлгаж мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлж мал сүргийг эрсдлээс хамгаалах чадавхиа нэмэгдүүлэх, эрчимжсэн суурин, хагас суурин аж ахуйг хөгжүүлж, эрчимжүүлэхэд оршиж байна. Малчдын орлогыг нэмэгдүүлж эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхийн тулд хөрш ОХУ-тай хамтран ажиллаж малын эрүүл ахуйг сайжруулахаар аймгийн удирдлагууд, харъяа газрууд ажиллаж байгаа юм.
Дэлгэрэнгүйг МОБАЙЛ ТВ-ээс хүлээн авна уу!
Сэтгэгдэл ( 0 )