Өнгөрч байгаа энэ долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан онц ноцтой хэргүүдийг ZINDAA.MN сайтын Хууль, эрх зүйн албанаас тоймлон хүргэж байна.
ЭРҮҮДЭН ШҮҮСЭН 27 МИНУТ 8 СЕКУНДЫН БИЧЛЭГИЙГ ИЛ БОЛГОЛОО
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Харин Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг өнгөрсөн баасан /2019.03.29/ гарагт хэвлэл мэдээллийнхэнд үзүүллээ.
Хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн юм. Ингэхдээ бичлэгийг үзүүлэх өрөөнд камер, зургийн аппарат, диктофон, гар утас зэргээс эхлүүлээд тэмдэглэлийн дэвтэр, бал хүртэл авч орохыг хориглосон билээ.
Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.
Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг. Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. Тэднийг эрүүдэн шүүж, ял тулгасан хэргээр тагнуулын хоёр ажилтанг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.
Түүнчлэн ШШГЕГ-ын ажилтан Б-г цагдан хорьсон ч тодорхойгүй шалтгаанаар сулласан байдаг. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эмнэлэгт хэвтүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлсэн байдаг.
Тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж, эмнэлгээс шоронд бус гэрт нь хариулна гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн энэхүү эрүүдэн шүүлтийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гардан зохион байгуулсан гэдгийг өнгөрсөн баасан /2019.03.29/ гарагт хэвлэлийнхэнд бичлэгийг үзүүлснийхээ дараа мэдэгдсэн байдаг.
ПРОКУРОР Е.САГСАЙ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭХЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Е.Сагсай прокурортой холбоотой ноцтой зүйлийг ярьсан билээ. Тэрбээр Е.Сагсай прокурорыг яллагдагч, шүүгдэгч нарыг ялаас мултална, хорих ангиас гаргана гэх нэрийдлээр эхнэртэй нь бэлгийн харьцаанд ордог талаар хэлсэн байдаг.
Харин өнгөрсөн баасан гарагт /2019.03.22/ нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжаэрмъяан мэдээлэл хийж, Е.Сагсай прокурорын хагас нүцгэн бичлэгийг олон нийтэд ил болгосон юм. Тэгвэл прокурор Е.Сагсай хуулийн байгууллагад ханджээ. Тэрбээр Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд зааснаар цагдаад гомдол гаргаад байгаа аж.
Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл: Хувь хүний нууцыг задруулах
1. Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн эмнэлгийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нотариатч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, банкны ажилтан, аудитор үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
ӨМНӨГОВИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН АЖИЛТАН ХОТОД АЖЛААР ИРЭЭД БАЙХДАА АМИА АЛДЛАА
Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч 38 настай, эрэгтэй Б бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач ажлаасаа хэд хоногийн чөлөө авч, ажлын шугамаар Улаанбаатар хотод ирээд байхдаа амиа алдсан байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тийм хэрэг болсон нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.
Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт найзтайгаа архидан согтуурч байхдаа муудалцаж, найман удаа хутгалуулж амиа алдсан гэх мэдээлэл байна. Гэмт этгээдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН, ОРЛОГЧ Г.ЭРДЭНЭБАТ НАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн пүрэв гарагт /2019.03.28/ “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Ерөнхийлөгч Х.Баттулгын тэрхүү зарлигт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЗОРИГИЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт/2019.03.28/ зарлиг гарган, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан мэдээлэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.
ЗУРГААН ДАВХРААС 17 НАСТАЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ УНАЖ АМИА АЛДЛАА
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Болсон явдлын талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Танай эмнэлгийн цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэй унаж амиа алджээ. Талийгаач хэзээ эмнэлэгт ирсэн байсан бэ?
-Яг хэдийд ирсэн мэдээллийг би сайн мэдэхгүй байна. Эмнэлгийн төрөх тасгийн өрөөнд байсан. Сахиж байсан ар гэрийнхэн нь хоол цай авчирахаар явсан хойгуур ийм зүйл болсон байна.
-Өрөөнд нь өөр хүн байгаагүй юм уу?
-Хамт байсан эмэгтэй нь ургийн бичлэгт орохоор гарсан байсан юм билээ. Цонхоор үсрэх үед нь эх баригч эмч харсан гэсэн.
-Цонхоор унасны дараа эмнэлгийн зүгээс ямар тусламж үзүүлсэн бэ. Биеийн байдал нь ямар байсан бэ?
-Эхлээд төрүүлэх арга хэмжээ авсан. Өндрөөс унасан учраас ураг амьгүй байсан. Биеийн харагдах байдал гайгүй байсан ч гэмтэл авсан учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэсэн.
-Талийгаач 17 настай гэдэг нь үнэн үү?
-Тийм. 17 настай.
-Анхны төрөлт байсан уу?
-Тэр талаар нэмж мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Амиа хорлох ямар шалтгаан байсан юм бол... Ар гэрийнхэнтэй нь та бүхэн уулзсан уу?
-Сайн мэдэхгүй байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Жич: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар эмэгтэйг цонхоор хөлөө гаргасан сууж байхыг хараад, машиндаа байсан дээлийг дэлгэн унахад нь тосч аван эмнэлэг рүү буцаан оруулж, тусламж үзүүлсэн ч харамсалтай нь гэмтлээ даалгүй нас барсан юм.
Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ТАГНУУЛЫН ХОЁР АЖИЛТАНГ 15 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон билээ. Тэгвэл саяхнаас тэднийг яллахдаа эрүүдэн шүүж, тамлан зовоож, ял тулгасан байж болзошгүй гэдэг нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон гэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах Ажлын хэсэгт багтсан дөрвөн хүнийг цагдан хорьсон талаар албаныхан мэдээлсэн байдаг.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн хэргээр ял авсан гурван хүн дээр эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. Бүр 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. ШШГЕГ-аас нэг хүнийг цагдан хорьсон. Шалгалт цааш үргэлжилнэ" гэх тайлбарыг өгсөн. Тэрбээр мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн гэдгээ ч ярьсан байдаг.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Манайхаас С.Зоригийн хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүдэн шүүсэн асуудалд прокуророос хэрэг бүртгэл нээж ирүүлсэн. Тэрхүү хэргийг нь шалгаж байна. Нотлох баримт хураагдсан байгаа. Ажлын хэсэгт ажиллаж байсан хоёр хүнийг 15 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан. Харин ШШГЕГ-аас нэг хүнийг цагдан хорьж, сулласан" гэх тайлбарыг өглөө.
АТГ-ААС 8 ШҮҮГЧИЙГ ЧӨЛӨӨЛЖ, ШАЛГАХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЛЭЭ
АТГ-аас нэр бүхий найман шүүгчид хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэдний тавыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж байгаа бол гурвыг нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээлэхдээ "АТГ-аас нийт найман шүүгчид хэрэг бүртгэл нээж, шалгаж байна. Тэднийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
naad xuuli shuux tsagdaagiinxan chin zvxarsa gemt xergiin uur shuu dee odoo l medej baigaa yum uu teneg mongolchuud
mongolchuud teneg gedegee odoo l xaruulj baina daa xuuli shuuxiinxen xezee tiim shudarga bailaa tsagdaa ni xurtel yag unendee erunxiilugch Elbegee garch irj tsagdaa nar gaigui bolson shuu dee