Шүүхийг хэн шүүх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Иргэний, өмчийн, үзэл санааны эрх, эрх чөлөө, нэр төр, байр суурь, түүнийг бий болгогч аливаа тогтолцоогүйгээр, тэр дундаа тэдгээрийг хамгаалах шударга шүүхгүйгээр АРДЧИЛАЛ оршин тогтнохгүй. Гэвч шүүх шударга байж чадсан уу?! Шүүх гэдэгт иргэд үнэн мөнийг шалган тогтоох үйл явцад оролцож байгаа цагдаа, мөрдөн, прокурор гэх бүх субъектүүдийг багтаан ойлгож, ярьдаг жишгээр тэдгээрийг энд нэг үгээр нэгтгээд бичихэд болох байх аа.

Нийгэм шударга бус байна гэж үзэгсдийн хувь хэмжээ жилээс жилд нэмэгдэж ирснийг “Сант марал” төвийн судалгаа харуулдаг. “Сант марал” ганцаараа үнэн, зөв судалгаа хийдэг гэж үзэхээс илүүтэй урт хугацаанд тууштай судалгаа явуулж, нийгмийн үзэл бодлын өөрчлөлтийг хэмжиж болохуйц датаг хуримтлуулсан гэдэг үүднээс энд онцолж буй хэрэг. Тус байгууллагын судалгааны дүнгүүдийг харьцуулбал нийгмийн шударга бус байдлын талаарх иргэдийн гомдол жил ирэх бүр лавширч, хамгийн гол нь энэ байдлаас хожигсод, алдагдагсдын зөрүү улам бүр нэмэгдсээр ирснийг үл хэрэгсэх нь аргагүй.

Нийгэмд шударга ёс тогтоох нь олон хэмжигдэхүүнтэй хэдий ч үүнд “шударга шүүх” хэмээх ухагдахуун гол жин дарах нь тайлбарлалтгүй болов уу. Өнөөдөр нийгэмд аливаа хэлбэрийг шударга бус нь газар авсныг, үүнээс үүдээд нийгмийн гишүүд нь “хожигсод” ба “алдагсад” гэж хуваагдсаныг, хуваагдал нь хагаралд тулсныг шүүхийн албан тушаалтнуудыг эрх дархыг хөндсөн хуулийн өөрчлөлт тодорхой харууллаа.

Бүх дүрэм “хожигсод”-ын эрх ашгийг үргэлж хамгаалдаг гажуудал руу тэр чигтээ халтирч болохгүй нь хэнд ч зөвшөөрөгдөх зарчим. Тэгэхээр юу, юунаас өмнө шударга бус тогтолцооны хохирогчид, “алдагсдын” эрх ашгийг хэн, яаж хамгаалах вэ гэх асуулт тавигдаж таарна.  

Ардчиллын амин сүнс хэмээн эхэнд дурдсан иргэний үзэл бодол, өмч хөрөнгө, хувийн бизнес, нийгмийн байр суурь, нэр төрийг нь ТӨР хуулийн аргаар, хууль хүчний байгууллагаар, шүүхээр оруулж байгаад “булааж” авдаг болсон нь нуухын аргагүйд хүрснийг бид мөн л харцгааж байна. Мэдээж бүх тохиолдолд тийм биш ч “тийм байж болохгүй”  гэсэн зарчим нь зөв юм бол тохиолдлын олон, цөөнөөс үл хамааран зарчмынхаа талд зогсох л ёстой... Харин яаж? Зарчмыг яаж тогтоох вэ, үүний тулд хэн ямар шийдвэр гаргаж байгааг мөн л бүгд харж байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шүүгч, прокурор, АТГ-ын даргыг хуульд заасан хугацаанаас нь өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг харгалзан албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн орчин шинээр бий бол­лоо. Хуулийн шинэ өөрчлөлт батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болж, хүчин төгөлдөр болсныхоо ердөө маргааш нь “хэрэглээнд” оров. Ингээд улсын ерөнхий прокурор, прокурорын орлогч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Дараагийн ээлжинд ерөнхий шүүгч, шүүгч нарыг ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар түдгэлзүүлэх, эсвэл зөвлөмжийг УИХ-аар хэлэлцсэнээр хугацаанаас нь өмнө чөлөөлөх бололцоо нээгдэж, үүнийг ашиглах эсэх нь цаг хугацааны л асуудал болов.

ҮАБЗ-ийн гурван гишүүний шийдвэрээр шүүгч, прокуроруудыг “шатрын хүү” шиг хэзээ л бол хэзээ нүүлгэх боломжтой болсон нь шүүхийн хараат бус байдлыг хөндөж, үүгээрээ ардчиллыг үгүй болгох аюулыг авчирлаа гэж нийгмийн тодорхой нэг хэсэг нь үзэж байна. Тэрчлэн ҮАБЗ-ийн шийдвэр /зөвлөмж/ нь улс төр болон бусад ашиг сонирхлоос ангид байж үнэхээр улс орны аюулгүй байдлыг хангах зарчимдаа үнэнч байж чадах уу гэсэн асуултыг дэвшүүлж байна. Дор хаяж энэ удаад ҮАБЗ-ийн шийдвэр тэр зарчимд үнэнч байж чадсан уу?  

ҮАБЗ-ийн энэ удаагийн шийдвэр чухам ямар баримт, гаргалгаанд үндэслэснийг, яагаад зөв болохыг нотлох зорилгоор С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ иргэдийг эрүүдэн шүүсэн, уг хэрэгт шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр хүртэлх бүх үйл явц хуулийн байгууллагын, цаашлаад улс төрийн албан тушаалтнуудын оролцоотой хэлмэгдүүлэлт байсан гэдэг асуудлыг дэвшүүлээд байна. Үүнийг тойрсон хэлэлцүүлэг ид өрнөж байгаа нь тийм ч амар мухарлагдахгүй биз ээ.

Эрүүгийн хуулийг дур зоргоор хэрэглэх, тэр дундаа томоохон албан тушаалтан, том мөнгөний хэрэг дээр шүүх “шударга байж чадахгүй байгаа” гэдэг судалгааг судлаачид, эрдэмтэд ил, далд хэлж ярих болсон. Гэсэн хэдий ч тэдгээр “эх сурвалжууд” өнөөд­рийн хэлэлцүүлэг дунд “нөгөө талын” байр суурийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг хамгаалж, шүүгч, прокурорыг ҮАБЗ-ийн шийдвэрээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, мөн зөвлөмж гарснаар түдгэлзүүлэх хуулийн заалтын эсрэг байр суурь илэрхийлж байна. Харин амьдрал дээр шүүхийн шударга бус байдлын хохирогч-золиос болсон иргэд, тэднийг өмгөөлөгчид хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. “Сант Марал” төвийн судалгаагаар бол шударга бус тогтолцооноос алдагсад нь хожигсдоосоо илүү жинтэй учраас зүй нь дээрх хуулийн өөрчлөлтийг дэмжигсэд нь жин дарах логик харагдаж байна.

Энэ удаад С.Зоригийн хэрэгт яллагдсан иргэдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэг ил болсноор асуудал анхаарлын төвд орж ирснээс бус хуулийнхан сэжигтнийг дарамталдаг, хэрэг тохдог, сүүлдээ хэрэг зохиодог явдал хавтгайрсныг хохирогчид хэлж дуугарсаар л байсан. Гэвч тэднийг нийгэм харахдаа “албан тушаалтай учраас мөнгө шамшигдуулсан л байгаа, мөнгөтэй учраас хулгай хийсэн л байгаа”, эсвэл “ядуу учраас хулгайч л байгаа” гэсэн хар сэрээр хүлээн авч тэдний үгийг тоогоогүй. Хохирогчдыг үл хэрэгсдэг энэ хандлага тэднийг гудамж руу түрж, эцэст нь тэмцэгчид, бүр эцэст нь “галзуучууд” болгон нийгмээс тусгаарлан хүчгүйдүүлсэн. Тэдэн шиг дуугараагүй, хувь заяатайгаа эвлэрээд чимээгүй яваа нь бүр ч олон байх.

Шударга бусаас болж алдагсдыг адладаг, айлгадаг, цөхрөөдөг хандлагын ард бүр гаарч, сүүлдээ өөрийгөө ч дийлэхээ байсан тогтолцоо өнөөдөр ганхаж байна. Энэ том доргион чимээ гаргахгүй өнгөрөх угаасаа боломжгүй. Тийм ч учраас нүүрлэсэн гажуудлын зохион бүтээгчид болон орол­цогчид нэг нэгээсээ өрсөн өөрсдийгөө хамгаалж, харин тэдний эсрэг тэмцэгчдийн алхам бүр эсэргүүцэл, дэмжлэгийн аль алинтэй нүүр тулж байна.

Шүүгч, прокурорыг хугацаанаас өмнө түдгэлзүүлэх, огцруулах үндэслэлд “ҮАБЗ-ийн шийдвэр гарсан бол” гэх үндэслэл нэмэгдсэнээр нэг талдаа хараат бус байдлыг хөндсөн явдал мэт боловч нөгөө талаар “хараат бусын” хамгаалалт дор тухайн албан тушаалтнууд шударга бусыг хамгаалж, хөгжүүлж байвал яах вэ?!

Хараат бус байх хуулийн дархан хүрээ, Монгол Улсын Ерөнхий­лөгчийн эрх мэдэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хяналтад байсан шүүх засаглал цаашид эдгээрээс гадна гурван гишүүн бүхий ҮАБЗ-ийн хяналт дор орж байна. Шүүх засаглал үнэхээр олны үзэж байгаачлан шударга бус болж, өндөр албан тушаалтан, тодорхой бүлэглэлүүдэд үйл­чилдэг, тэнд ажиллаж буй эрх мэдэлтнүүд бусдаас мөнгө, өмч, бизнесийг нь дарамтлан авдаг нь үнэн бол эдгээр гэм нүглүүдийг нь ямар шуудайнд цуглуулах вэ? Мөрдөж ирсэн хуулийн хүрээнд түдгэлзүүлэх, огцруулах үндэслэлд заагдаагүй, тэдгээр заалтууд руу шууд оруулах бололцоогүй, хамгийн гол нь ардчиллын үнэт зүйлсийг гажуудуулсан  үйлдэл, хандлагуудыг нь хэн хянаж, хэрхэн таслан зогсоох вэ гэдэг асуултын хариу нь ҮАБЗ-ийн шийдвэр буюу зөвлөмжөөр асуудлыг УИХ-аар хэлэлцдэг байх заалт.

Хүчин төгөлдөр үйлчилж ирсэн хуулиар шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгос­ноор хэлэлцдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуулийн 49.4-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан байдаг. Эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй байгууллага байгаа бол алдаа, завхралаас нь урьдчилан сэргийлэх, түүнийг хэлэлцэх, УИХ-д асууд­лыг оруулах субъект байхгүй явж ирсэн нь “хараат бус байдал”гэдэг хамгаалалтын дор хэмжээгүй эрх мэдэл болж хувирчээ. Тэгвэл үүнийг ҮАБЗ-өөр хэлэлцэх, тэр дундаа үндэсний аюулгүй бай­дал, иргэдийн эрх чөлөөний эсрэг үйлдэл, хандлагыг нь хянах, УИХ-д оруулж хэлэлцүүлэх заалт нэмэгдэж байна. Угаас УИХ-д шүүх, прокурорын томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж танил­цуулж ирсэн. Үүнийг хууль тогтоох засаглал шүүх засаглалаа хянаж байгаа хэлбэр бөгөөд буруу гэж үзэж байгаагүй.

Хэрэв ҮАБЗ-өөр хэлэлцсэн шүүгч, прокурортой холбоотой шийдвэр-зөвлөмж  хэлэлцсэн нь буруу байгаад улс төрийн болон бусад ашиг сонирхлоор буруу шийдвэр гарсан бол түүнийг нь эсэргүүцэх эрх нь бусад хуульд нээлттэй үлдсэн гэж ойлгогдож байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.8-д “Шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь хууль бус байсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж цалин хөлсийг нь нөхөн олгоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үлдэж байгаа. Нөгөө талд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь шүүх засаглалаа гартаа оруулах нь гэсэн болгоомжлол, зарчим яригдаж байгаа ч ямар ч гэм буруугүй тохиолдолд тэр заалтыг хэрэглэх нь, дахин дахин хэрэглэх нь бас л боломжгүй болов уу.

Учир нь дэлхий хавтгай болоод удаа ч үгүй байтал дэлхий шилэн болов. Жишээ нь, хэрэглэгч өнөөдөр сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийн түүхий эдийг харж байна. Яаж бэлтгэж, боловсруулж, ямар бүтээгдэхүүн гаргаж байгааг нь нэвт шувт харж байна. Бэлтгэсэн мэдээллийг ч өөрчлөн бичилцэж байна. Үүнээс болоод сэтгүүлзүй зарим талаар зарим тохиолдолд гологдож байна. Яг энэ жишгээр төр, засаг, эрх мэдэлтний аливаа бодлого, шийдвэр ямар нөхцөлд хэрхэн гарч, юуг яаж өөрчилж байгааг иргэд хамт нэвт шувт хардаг болов. Хамт шийдвэр гаргалцдаг ч болов...

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.10.22.177) 2019 оны 06 сарын 02

shuuchiig .burhAN.huune. .ESWEL uuruu .sbuune eedee ENE .CH .aimAR .TAM .SHUUDEE

0  |  0
зочин(202.9.42.252) 2019 оны 04 сарын 25

шүүгчдийг насаар томилдог тогтолцоотой санал нийлэхгүй бн хариуцлага алдсан ч байж байдаг учраас дур зоргоороо аашилдаг мөнгө бүхнийг ялан дийлдэг

0  |  0
зочин(202.9.42.252) 2019 оны 04 сарын 25

шүүгчдийг насаар томилдог тогтолцоотой санал нийлэхгүй бн хариуцлага алдсан ч байж байдаг учраас дур зоргоороо аашилдаг мөнгө бүхнийг ялан дийлдэг

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 08

Shuuh.mn гэсэн сайтаар орж хараарай нэг ижил төрлийн, маргааныг олигархуудын хувьд, жирийн иргэний хувьд шүүхүүд яаж өөр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн болохыг. Энэ бол бодит жишээ шүү дээ.

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 08

Тэгэхрлээх шүүхийг хууль шүүдэг, ёс зүй, Үндсэн хуулийн Цэц, Монгол Улсын ард иргэдийн язгуур эрх болох ”шудрага шүүхээр шүүлгэх” эрх шүүдэг бөгөөд харин шүүхийн тулд УИХуралд сонгогдсон гишүүд Шүүхийн эрх зүйн байдал болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль саяных зөвхөн албан тушаалтнуудад зориулсан бу харин ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан Үндсэн хуульд нийцсэн өөрчлөлтүүдийг хийгээд 1 хоногийн дотор хэрэгжүүлэх ёстой юм.

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 08

Монгол Улсын Үндсэн хуульд ханддаг байсныг иргэний язгуур эрхийг нь мөн хүчээр хязгаарласан. Учир Шүүх зөвхөн Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан хүчин төгөлдөр хуулийг баримтлан шийдвэрлэнэ гэснийг уландаа гишгэсэн. 4. УДШүүхийн Үндсэн хуулиас бусад хуульд тайлбар гаргах, түүнийг бүх шатны шүүх болон байгууллага иргэд дагаж мөрдөнө гэсэн гэсэн Үндсэн хуулийн заалтыг албаар алга болгосон. УДШүүх хууль тайлбарлаж байхад ”их мэдэгч шүүгч” нар дураар хүссэнээрээ хуулийг мушгин гуйвуулж олигархуудад тал засаж байгааг өнөөдрийг хүртэл засаагүй ” нүдэн балай чихэн дүлий” явж байгаа гишүүд

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 08

Шүүхийх хэн шүүх вээ? Шүүдэг байсан харин байсаныг 2012 онд алга болгосон эзэд нь УИХурал болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт суужил байна. 1. ИХШХ тухай . ЭБШ тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд УДШүүхийн шүүгчдийн нийт хуралдаанаар асуудлыг шийдвэрлэдэг байсныг бодит байдал хэрэгжүүлэх боломжгүй болгон өөрчилсөн. 2. УДШүүхийн Ерөнхий шүүгч УДШүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг хууль бус гэж үзвэл эсэргүүцэл бичдэг байсныг халсан. 3. УДШүүхийн Ерөнхий шүүгч болон УДШүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл

0  |  0
Иргэн(202.9.44.60) 2019 оны 06 сарын 05

Шүүх шүүгчийн хэт дураараа авирласаны үр дүнд нийт хуулийн байгууллагын нэр хүнд унасан юм. Шүүхээс бусад хуулийн байгууллага өөрийн чиг үүрэгтэй ажлаа хийж байгаа. Шүүгч нараас бусад хуулийн байгууллагын ажилтан нар ажлаа хийж байгаа. Харамсалтай нь шүүх, шүүгч нар үнэхээр хоцрогдсон байгууллага байгааг анхаарах хэрэгтэй

1  |  1
Иргэн(66.181.161.37) 2019 оны 04 сарын 08

Шүүхийг ард түмэн шүүнэ. Цаг хугацаа шүүнэ. Дарга нар шүүхээс хол яв

1  |  0
Монгол(202.179.27.123) 2019 оны 06 сарын 05

Ард түмний шүүлтэд аль хэдийнээ орсон. Одоо ялыг нь өгөөд явуулах хэрэгтэй.

1  |  0
su ah(202.179.24.38) 2019 оны 04 сарын 04

Shuuhiig unen l shuune. Chin unen. Unuudriin nar baruunaas mandlaa gej baigaa shuuhiig ustga.

0  |  0
Top