С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял үүрэгчдийн өмгөөлөгчдийг дарамталсан шалтгаан юу байв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Дэд бүтцийн  сайдаар ажиллаж байсан С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэж, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хорих ял оноосон ч, шинэ нөхцөл байдал үүсээд байна. Тэднийг цагдаа, тагнуул, прокурорын байгууллага эрүүдэн шүүж, мөрдөн байцаалтын үед зодож, дарамталж, харгис хэрцгий аргаар тамлан зовоосон нь камерын бичлэгт баримт болон үлджээ. Хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүснээс гадна өмгөө­лөгч нарыг нь дарамталсан тухай олон талын баримт, мэдээлэл бий. Хууль зүйн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн өмгөө­лөгч нарыг дарамталсан байна” гэж мэдэгдэж байсан. Тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд дуугарахгүй байгаа шалтгаан нь юу вэ. Нөгөө талаар  хорих ял сонссон ар гэрийнхнийх нь мэдээллээр ч өмгөөлөгчид дарамтад орсон байх үндэслэл байна. Шүүх хуралд өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг нотлох өөрийн цуглуулсан баримт бичиг, мэдээллээ авч орох эрхтэй. Гэвч өмгөөлөгчдийн нотлох баримтыг цагдаагийн ажилтнууд оруулахгүй, гар хоосон оруулж байжээ.

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “Энэ хэргийн хавтаст хэргийг бүтэн уншсан ганцхан өмгөөлөгч бол би” гэсэн байна. Тэгэхээр энэ хэрэг дээр ажилласан цагдаа, тагнуул, прокурорын байгууллагын ажилтнууд өмгөөлөгчдийг хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй юу. Эсвэл Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгчид үнэхээр хууль зүйн туслалцаа үзүүлэх сонирхол байсангүй юу. Энэ бүхнээс үзэхэд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгасан цагдаа, тагнуул, прокурорын байгууллага өмгөөлөгч нарыг дарамталсан нь тодорхой болж байна. Өмгөөлөгчдийг дарамтлах шалтгаан юу байв. “Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч нь тагнуулын ажилтан байсан юм билээ. Тодорхой албан тушаалтны шийдвэрээр шүүх хуралдаанд оролцдог атал тэр хүнд тийм зөвшөөрөл алга. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг өмгөө­лөгчгүйгээр шийдсэн. Бусад өмгөөлөгчийг асар их дарамталсан. Шүүх хурлын үеэр бие засах гээд гарахад нь хар масктай хүн дагаж, ариун цэврийн өрөөний үүдэнд дарамталсан” гэж мэдэгдлээ. Үнэхээр өмгөөлөгчдийг дарамталсан уу гэдэгт тэд болон холбогдох хүмүүс өөрсдөө хариулт өгч таарна. Тэдэнтэй холбогдож дараах тайлбарыг авлаа.

Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр: ЯРИЛЦЛАГА ӨГМӨӨРГҮЙ БАЙНА

Би одоо болж байгаа наад асуудлыг чинь мэдэхгүй шүү дээ. Ярилцлага өгмөөргүй байна.

Ц.Амгаланбаатарын  өмгөөлөгч Д.Дашдорж: ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС НУУЦАЛСАН

Одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Энэ талаар яриа өгөх боломжгүй байна. Хэргийг прокурорын байгууллагаас нууцалсан учраас би мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос хүртэл ярьж чадахгүй байгаа шүү дээ. Хэлсэн ярьсан зүйл маань эргээд сэжүүр болох учраас одоогийн байдлаар ямар нэгэн зүйл ярих, мэдээлэл өгөх боломжгүй.

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: АНХ УДАА Л ДАРАМТАД АЖИЛЛАЖ ҮЗЛЭЭ

Энэ хэргийн хавтаст хэргийг бүтэн уншсан ганцхан өмгөөлөгч бол би. Шүүх хурал болоход хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан, Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр хоёр 10, 10 хавтаст хэрэг буюу нийлээд 5000 гаруй хуудас баримтыг огт уншаагүй байсан. Шүүх хурал мэтгэлцэх зарчмаар явагдах ёстой. Тэгэхээр өмгөөлөгчид хэргээ бүтэн уншиж байж мэтгэлцэнэ. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавихад хүлээж авалгүй энэ хэрэг тэр чигтээ л явчихсан. 61 хавтаст хэргийг би 46 хоногийн турш уншсан.  Шүүх хурал дээр хэргийн материал уншингуут өөдөөс битүү масктай, буу шийдэм болчихсон зөвхөн нүд нь гарсан залуус 20, 20 минутаар солигдож хараа хяналт тавина. Бие засах газар ормоор байна гэхээр "Та хүлээж бай. Наанаа зогсож бай. Дарга нар зөвшөөрөөгүй тохиолдолд бие засуулахгүй" гэнэ. Бие засахдаа хүртэл тэд нараас зөвшөөрөл авна. Хэргээ уншаад дэвтэртээ тэмдэглэхээр дэвтэр хураагаад авчихна. Тэнд хоосон орж, хоосон гарна. Хуулийн байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа анх удаа л тийм дарамтад орж, дарамтад ажиллаж үзсэн. 

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: Л.МӨНХТӨР ӨМГӨӨЛӨГЧ ОЛИГТОЙ ҮЙЛЧЛЭЭГҮЙ

Манай хүү “Л.Мөнхтөр өмгөөлөгч тагнуулынхантай холбоотой. Л.Мөнхтөр өмгөөлөгч хэрвээ сайн ажилласан бол би хэзээний гараад явах байсан” гэж захидал дээрээ бичсэн байдаг. Өмгөөлөгч маань надад олигтой юм ярьдаггүй байсан. “Та элдэв бусын юм ярьж байж өөрөө шоронд оров доо” гэж хэлдэг байсан. Би нууцгүй хэлэхэд сайн харилцаатай байгаагүй. Тэгээд гурван шатны шүүхээр гэм буруутай болоод дууссан. Өмгөөлөгч нарын үгийг хэлүүлдэггүй ч байсан юм уу. Шүүх хурлаас гараад ирэхээр нь би “За юу болов” гээд асууна. “Яагаад ч амжсангүй эгчээ. Би хэлдгээ хэллээ” гэдэг. Би өөрөө шүүх хуралд орохгүй болохоор тэр хүн юу ярьж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Шүүх хурлаас гарч ирээд сэтгүүлчдэд ярилцлага өгдөггүй хүн. Сэтгүүлчид ярилцлага авах гэхээр “Ярилцлага өгөхгүй” гэдэг хүн шүү дээ. Надад олигтой үйлчлээгүй.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: С.ОЮУНЦЭЦЭГ ДАРАМТ ШАХАЛТ ДОР ӨМГӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЖ БАЙСНАА НУУСАНГҮЙ

С.Оюунцэцэг өмгөөлөгч зохих өмгөөллийг үзүүлсэн. Гэхдээ шүүх хурал дээр өмгөөлөгч нарыг үг хэлүүлдэггүй байсан. Манай өмгөөлөгч анхан шатны шүүх хурал дээр хуулийн зүйл, заалт бичсэн бичиг баримт, цаасаа авч орох гэсэн чинь оруулахгүй, манай өмгөөлөгч авч орно гээд маргалдаад ухаан алдаж байсан. Мөн өмгөөлөгчийн маань хүүг хүртэл хар тамхины хэрэгт холбогдуулан шалгах гэж оролдсон. Ийм дарамтад манай өмгөөлөгч ажилласан.

Өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь ийм тайлбар хийсэн. Өмгөөлөгчид ярихыг хүсэхгүй байна. Ярилцлага өгсөн Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг дарамт шахалт дор өмгөөлөл үзүүлж байснаа нуусангүй. Гурван жилийн хугацаанд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хууль ёсны өмгөөлөгчөөр ажилласан Л.Мөнхтөр, Д.Дашдорж нар нэг ч удаа ам нээгээгүй. Шүүх хурлын дараа ч сэтгүүлчид тэднээс ярилцлага, мэдээлэл авч чаддаггүй байсан.

Эх сурвалж:

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.143.100) 2019 оны 04 сарын 03

Алсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон ч өмгөөлөгч хүн, энэ хүн яагаад ийм хэрэг хийхэд хүрэв! Ямар аргагүй хүчинд автаж гэдэг талаас нь хүн ёсных нь хувьд өмгөөлөл үзүүлэх ёстой. Энэ үйл алдагдаж нэг талын дүгнэлтээр ялласан бна!

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 03

Гэтэл УДШүүхийн иргэни болон захиргааны, эрүүгийн танхим нийлж байгаа ”маш нууц” зөвлөмж гаргаж байгаа шүүгчийн татгалзах эрхийг шүүх хуралдааны явцад гаргадагийг болиулчихсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд шинэчлэн найруулагдснаар арай гаагүй болсон. Зовж явахад нөхөр гэгчлэн ямар нэгэн асуудал ороход чинь шүүгч прокурор цагдаа Та нарын эрхийг хамгаалдаг бил үү. Өмгөөлөгч нарыг дарамтлана, утсыг тагнаж чагнана , айлган сүрдүүлнэ. ТВ ярьж , хэргийн үйл баримтыг дэлгээд байхлээр сайн мундаг, бас өмгөөлсөн болдоггүй юм.

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 03

Өмгөөлөгч нарыг хүчтэй байлгахгүй байх бүхий л зүйлийг төр тэр дундаа УИХурлын гишүүд, шүүх, прокурор болон хууль хүчнийхан системтейгээр хийж ирсэн бөлгөө. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийхээ эрхийг хамгаалах гэж ”ясаа цайтал” үздэг хүмүүс бол өмгөөлөгч нар шүү дээ. Өмгөөлөгч нар хууль тай байсан хуулийг нь Тэмүүжин сайд асан УИХурлын гишүүдтэй нийлж байгаад самраад хаясан, түүнээс болоод нэг хуулийн нэг бүлэг болсон шүү дээ. Улмаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд өмгөөлөгчийн эрхийг тусгаж өгсөн.

0  |  0
Ххх(203.91.115.41) 2019 оны 04 сарын 03

Өмгөөлөгчгүй шүүх гэдэг бол тэнцвэргүй, шудрага бус шүүлт. Үнэхээр хүчиндэж хүчээр ял өгчээ. Алуурчин бсан ч ядаж л өөрөө өөрийгээ өмгөөлөх эрх хуулиар олгогдсон бдаг бх шүү.

1  |  0
ИРГЭН(202.179.25.216) 2019 оны 04 сарын 04

ХУУЛЬ ШҮҮХИЙНХНИЙГ ХУЙГААР НЬ ШОРОНД ХИЙЖ АР ГЭРИЙ НЬ ДАРАМТЛАХ АЖИЛ ЭХЛЭХ БАЙХ ШҮҮ.ХИЙСЭН ҮЙЛ ЛАЙГАА ҮҮРЭХ ӨДӨР УДАХГҮЙ ИРЖ АР ГЭР НЬ ИЛҮҮ ИХ ЗОВОХ БОЛНО ШҮҮ.

0  |  1
хн(64.119.17.89) 2019 оны 04 сарын 03

дарангуйлал гэдэг энэ

1  |  0
сэхээтэн иргэн(139.5.219.254) 2019 оны 04 сарын 03

өмгөөлөгч нар хуулийн хүрээнд байдаг болохоор бусад хүмүүстэй адилгүй өмгөөлөгч нарыг өмгөөлж чадасангүй гэж тэр авгай юу мэддэг болоод томорно вэ

0  |  0
kkk(202.9.45.151) 2019 оны 04 сарын 09

muu sain umguulugch nar chadwar muutai erx medel ch bxgvi amitad zailuul 5 tug araas yawj bga amitad

0  |  1
Зочин(202.9.44.220) 2019 оны 04 сарын 04

өмгөөлөгч нь өмгөөлж чадахгүй болгоно гэдэг бол жинхэнэ гамшиг. үүнийг л олон улсын түвшинд гаргаж ярих хэрэгтэй. тэгээд харъя манай элбэгдоржийг ямар хүн гэх нь вэ

2  |  0
Зочин(202.9.44.220) 2019 оны 04 сарын 04

өмгөөлөгч нь өмгөөлж чадахгүй болгоно гэдэг бол жинхэнэ гамшиг. үүнийг л олон улсын түвшинд гаргаж ярих хэрэгтэй. тэгээд харъя манай элбэгдоржийг ямар хүн гэх нь вэ

1  |  0
Top