“Би нар” кино хөлд дарагдаж, сэтгэлд урган нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Нийгмийн бүдэг өнгөнд нэгэн гэрэл гэгээ татуулсан кино хэд хэдэн газарт зэрэг нээлтээ хийсэн нь авьяаслаг найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл,  Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбатын зохиол “Би нар” гэр бүлийн кино юм. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ нийлж суугаад үзэх кино дэлгэцнээ гаргаагүй. Тийм ч учраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар энэ кино олны хүртээл болж байгаа юм. Киноны нээлтийн үеэр сайд дарга нараас эхлээд урлаг соёлын одууд, эгэл жирийн үзэгчид  “Өнөр бүл” хүүхдийн төв, “Лантуун дохио” ТББ-ын дэргэдэх “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв, “Зөв амьдрал” ТББ болон асрамж халамжийн төвийн хүүхдүүд үзэж гарын бэлэг гардсан нь бас нэгэн өвөрмөц шийдэл байлаа. Хамгийн гол нь киног үзсэн олон нийт сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байв. Хүрээний амьдралд өссөн жаал хүү “Манай хөдөөний амьдрал ийм байсан гэж үү. Одоо ийм зүйл байна уу” гэх мэтээр гайхширах.

Хөдөө төрж өссөн эцэг эхчүүд нь өөрийнхөө бага насыг дэлгэцээс бодит юм шиг харж дурсамж хэлхэсэн ийм өдөр боллоо. Кино бол хамтын бүтээл, зохиолчийн бүтээл дээр суурилж, найруулагч өөрийн шийдлээ гаргана, үүнийг гэрэл сүүдэрт буулгадаг дүрсний баг, киноны үйл явдлыг тодотгож үзэгчдийн сэтгэл зүрхэнд дүрсийг дууны хамт хүргэх хөгжмийн, найруулагчийн шийдлийг дэлгэцэнд амилуулах, зохиолчийн санааг тод гаргах жүжигчид, зураачид болон бусад үйлчилгээний ажилтан гээд асар олон хүний хөлс хүчээр бүтдэг зүйл бол кино.

“Би нар” киноны зохиолч, найруулагч хоёр олон уран бүтээлд гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа уран бүтээлчид. Найруулагч Ж.Сэнгэдоржийг "Бодлын хулгайч", "Ларьдмаа" гээд олон арван дэлгэцийн бүтээлийг ард түмний мэлмийд оршоосон авьяаслаг найруулагч гэдгээр нь үзэгч олон сайн таньж таарна. Тэгвэл зохиолч Д.Эрдэнэбатын хувьд “Хөлгүй цэнхэр нуур”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Хүйтэн бороо”, “Хүний үнэр” тэргүүтэн олон жүжиг киноны зохилыг бичсэн гэхээр мэдэх байх. Киноны агуулгаас товч дурдвал, киноны гол дүр аав “Би арван гуравтай байх даа” хэмээн эхлэнэ. Энд хөдөө төрж өссөн аавын 13 настайдаа туулж өнгөрүүлсэн бага насны дурсамж дүүрэн он жилүүдийг дүрслэх бөгөөд нөгөө хэсэгт хотод төрж өссөн ээж “Би арван гуравтай байхдаа” хэмээн эхлүүлнэ. Энд мөнхүү ээжийн бага нас, хөгтэй явдал бүхий дурсамж хөвөрч, Өрнөл хэсэгт “Би арван гуравтай байхдаа” хэмээн хүүхдийн амьдрал эхлэх бөгөөд хот суурин газарт өссөн хүү цахим тоглоомд хэрхэн донтож байгаагаар үйл явдал цааш үргэлжилнэ. Киноны гол дүр аав хөдөө өссөн бол ээж хотод төрсөн, хүү орчин цагийн буюу өнөөдрийн нийгэмд хэрхэн сурч амьдарч байгааг харуулснаар үйл явдал цааш өрнөх аж.  

Ямартай ч ээж аавууд үр хүүхэдтэйгээ хамт суугаад үзэх нэгэн кино дэлгэцийн урлагт, ард түмний сэтгэл мэлмийд зочилж, “Би нар” кино хөлд дарагдаж, сэтгэлд урган нээлтээ хийлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top