“Шинэ ПЕЛЕ” Килиан Мбаппе

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 06

Ирэх зуны наймааны цонхоор олны анхаарлыг хамгийн их татах хөлбөмбөгч бол Францын Килиан Мбаппе юм. 20 настай энэ залуугийн төлөө Испанийн “Реал” Мадрид баг 280 сая евро гаргахад бэлэн байна. Хэрэв Мбаппе “Реал”-тай гэрээ байгуулах юм бол энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болох юм. Ингээд ядуу хорооллын хөвгүүн хэрхэн саятан болсон талаар өгүүлье.

Захын хороолол

Мбаппегийн түүх Парисийн дагуул Бонди хэмээх жижиг хотоос эхтэй. 2005 онд тэнд ажилгүйдэл, ад үзэх явдлыг зогсоохыг шаардсан үймээн самуун гарч байв. Бондигийн иргэдийн ихэнх нь Африкаас ирсэн цагаачдын үр удам. Мбаппегийн аав Уилфред Камерун, ээж Файза нь Алжираас ирсэн хүмүүс байлаа. Уилфред хөлбөмбөгийн дасгалжуулагч бол Файза гандболчин.

Килиан хоёр настайгаасаа ааваа даган, бэлтгэл сургууль дээр нь очдог болж, зургаан настайдаа өөрөө тоглож эхэлсэн юм. Түүний анхны багш Антонио Риккарди “Тэр үед Килиана үеийнхнээсээ хавьгүй илүү байсан. Хуураад л хурдаар тасарна. Хэн ч гүйцэхгүй” гэж дурсан ярьж байна.

Мбаппе 11 настайдаа 13, 13 насандаа 15 настай хүүхдүүдтэй тоглож байв. Авьяаслаг бяцхан хүүг европын том багууд сонирхож эхлэн, 12 настайд нь “Челси”, хоёр жилийн дараа “Реал” баг урьсан гэдэг. Гэвч тэр томчуудтай гэрээ байгуулсангүй, Францын “Монако” багийг сонгосон юм. Хоёр жил болоод 17 насандаа “Монако”-гийн үндсэн багт орсон Килиан 2016-2017 оны улиралд жинхэнэ тодорсон билээ. “Монако” 17 жилийн дараа улсын аварга болж, ПСЖ-ийг даван гарсан тэр улирал Мбаппе 44 тоглолтод 26 гоол орууллаа. Аваргуудын лигэд ч тэр гялалзсаар хагас шигшээ хүртэл багаа хөтөлсөн билээ.

2017 оны наймдугаар сард Мбаппег нийслэлийн ПСЖ зээлээр авлаа. Эхний есөн тоглолтдоо шууд дөрвөн бөмбөг оруулсан түүнийг Парисийн багийн катар эзэд мөнгө хайрлалгүй худалдан авахаар шийдсэн байв. 18 настай залууг 180 сая еврогоор худалдан авч, өөрт нь сарын 1.5 сая еврогийн цалин санал болголоо. Залуу хүү ч араб мөнгөний хариуг амжилт, гоолоор хариулсан. Тэр жилдээ улсын аварга болсон Мбаппег Францын шигшээ баг урьлаа. ПСЖ-д ирээд Мбаппе маш олон фэнтэй болсон бол ОХУ-д болсон ДАШТ түүнийг супер од болгон хувиргасан. Мбаппегийн Instagram хуудас 20 сая дагагчтай нь АНУ-ын алдарт Серена Уильямсаас хоёр дахин их байгаа юм.

Пелег залгамжлагч

Францын шигшээ баг хамгийн сүүлд 1998 онд дэлхийн аварга болж байхад Килиан энэ дэлхийд төрөөгүй байлаа. Тэгвэл 2018 онд Мбаппе нас залуу ч шигшээ багийн жинхэнэ удирдагч нь болоод байв. Аргентиний багийг түүний гоол “оршуулж”, Мбаппе тэр тоглолтод 39 км/цагийн хурдтай гүйснээр хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн дэх хамгийн хурдан тоглогч болсон юм. Олимпийн аварга Усейн Болт 37.5 км/цаг хурдтай гүйдэг гэхээр Мбаппе Болтыг ч давж чадсан байлаа.

Хорваттай хийсэн финалын тоглолтод түүний оруулсан гоол ДАШТ-ий финалд гоол оруулсан хамгийн залуу тоглогчдын жагсаалтын хоёрдугаарт түүний нэрийг мөнхөлсөн. Нэгдүгээр байранд 1958 оны ДАШТ-ий финалд 17 настайдаа гоол оруулсан “Хөлбөмбөгийн хаан” Пеле заларч байгаа. Домогт Пеле энэ тоглолтын дараа “Мбаппе намайг бараг гүйцэх дөхлөө. Тэр шинэ Пеле болж чадна” гэж хэлсэн юм.

Дэлхийн аварга болсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мбаппег тэврэн, баяр хүргэж, Парисийн гудамжинд сая гаруй хүн жагсан, аваргын баяраа тэмдэглэсэн. Килиан “Дэлхийн аварга болсондоо итгэхгүй байлаа. Хашхиран баярлаж байгаа фэнүүдээ хараад л бид түүхэнд нэрээ үлдээснээ ойлгосон” гэж ярьж байв.

Тэр шилдэг нь болно

Одоо Мбаппе ПСЖ багийн түлхүүр тоглогч. Түүний баг Францад зовох юмгүй түрүүлсэн ч харин Аваргуудын лигэд ахиад л ялагдсан. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний нэг Аваргуудын лигийн цом авахыг мөрөөддөг залуугийн хувьд энэ хүслээ “Реал” багт биелүүлэхэд илүү ойр болов уу. Хүнийг магтахдаа хойрго Жозе Моуриньо ч түүнийг “Мбаппе үнэхээр гайхалтай. Түүнийг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гэж нэрлэхэд болно” гэж магтсан. Бразилийн Неймар ч түүнтэй санал нэг байна. “Тэр бол Алтан жаал. Түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох нь гарцаагүй” гэж Неймар хэлсэн юм.

Одоо Килиан супер од болсон. Мбаппед зориулан Nike компани пүүз урлаж, Леброн Жеймс өмсгөлөө солилцон, лааны тосон баримлын музейд хөшөө нь босжээ. Багийн анд Неймараас ялгаатай нь Мбаппе элдэв хэл аманд ордоггүй, эерэг талын баатар.

Тэр хаана өссөн, хэн байснаа март­даггүй. Хуучин найзуудтайгаа уулзаж, хууч хөөрөх дуртай хэвээр. Цалингийнхаа тодорхой хэсгийг төрөлх Бондидоо хандивладаг. Мбаппе буян, хандивын ажилд оролцох дуртай. Дэлхийн аваргын шагналын мөнгөнөөсөө татгалзаж, 500 мянган ам.доллар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивласан гээд дурдах сайн үйл олон. “Энэ мөнгө миний амьдралыг өөрчлөхгүй ч тэдний амьдралыг өөрчилж болох юм” гэж Мбаппе хэлж байлаа. Үнэхээр үнэн үг.

Килиан гэр бүлдээ хайртай. Аав ээж, ах дүү нараа бүгдийг нь Парис хотын төв дэх байрандаа авчирч, хамтдаа амьдардаг. “Гэр бүл минь намайг байнга дэмждэг. Бондигийн гудамжинд тоглож байсан ч, ДАШТ-ий финал ч байсан адилхан. Оруулсан гоол болгоноо би дүү Этандаа зориулдаг. Бөмбөг хийгээд гараа зөрүүлэн зогсдог “үзүүлбэрийг” минь тэр зохиосон юм” гэж ярьж байв.

Одоо түүний өмнө шинэ сорилт тулгараад байна. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болох нь тодорхой байгаа 20 настай залууг энэ их нэр хүнд, мөнгө эвдэхгүй байгаа даа. Оддын өвчинтэй тэмцэх нь зарим үед ДАШТ-ий финалд гоол хийхээс ч хэцүү байдаг. Гэхдээ ядуу хороололд өссөн энэ залууг оддын өвчин тусна гэж санаа зовох хэрэггүй бололтой.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
violamongolia(202.126.89.80) 2019 оны 04 сарын 07

uneheer aimshigtai . delhiin avarga ali hediin bolson

0  |  0
ХҮРЭЛЭЭ(122.201.24.170) 2019 оны 04 сарын 06

Тэр үнэхээр гайхалтай. Бөмбөгтэй харьцах өндөр ур чадвар , хэнтэй ч зүйрлэшгүй техник, хамгийн гол нь хурд, тэгээд төгс гүйцэтгэл гээд ”супер алтан жаал”-д байнх бүхий л авьяас Килианд бий. Аугаа ирээдүй түүнийг хүлээж байна...

2  |  0
Top