ХОВД: Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийн мэдээллийн сан бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн асуудлаар талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг Ховд аймагт өнгөрөгч амралтын өдрүүдээр зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ), Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн газар хамтран зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд сумдын удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, сумдын ЕБС-иуд, хүн эмнэлэг зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 140 гаруй хүн оролцсон байна. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нар оролцож амжилт хүсэж үг хэллээ.

Ховд аймаг 88447 хүн амтай. Үүний 33914 буюу 38,3 хувийг 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. 2018 онд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага мэдээлэл ирж, сумдын хамтарсан багаар дамжуулан тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.

Аймгийн хэмжээнд 2017 оноос хойш 12 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна.

Үүнээс үзэхэд эцэг эхийн болон хүүхдийн өмнө хариуцлага хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байлаа.

Монгол Улсын хэмжээнд 20 мянган хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгааг тогтоосон бол Ховд аймгийн хэмжээнд энэ төрлийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 400 гаруй хүүхдийг бүртгэн авсан талаар аймгийн агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг мэдээллээ.

Тэгвэл тус зөвлөгөөнөөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, гарч буй үр дүн, цаашид тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар оролцогч талууд санал бодлоо солилцож, сайн туршлагаа хуваалцаж байна.

Ингэснээр орон нутгийн хэмжээнд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болно гэж үзэж байна.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонд “METSUBISHI DELICA D5” маркийн автомашин гардуулан өгч, хүүхдийн төлөөх ажил үйлсэд нь амжилт хүслээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top