Биеийн тамирын багш, дасгалжуулагчдын өргөтгөсөн зөвлөгөөн боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

 

Монгол Улсын биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний хөгжил улам бүр эрчимжихийн зэрэгцээ эдгээр хөдөлгөөний зорилго, зорилт, агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тавигдах боллоо. Ялангуяа өсвөр үеийн бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, тэдэнд олимпийн соёл, үнэт зүйл ба олимпийн боловсрол хүмүүжлийг эзэмшүүлэх асуудал чухал ач холбогдолтой болж байна.

“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, “Биеийн тамир, спортын тухай” хууль болон бусад томоохон хөтөлбөр, баримт бичгүүдийн заалтуудыг  хэрэгжүүлэх, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх, оюутан сурагчдын бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудлууд болон хүүхдийн спортын хөгжлийг бүх талаар хангах, олимпын боловсролын түвшинг дээшлүүлэх зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэх ба  “Зөвлөмж” хэлэлцэн батлах зорилгоор биеийн тамирын багш, дасгалжуулагчдын “Бие бялдрын боловсрол – Олимпизм – Хүүхдийн спорт” сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөнийг өчигдөр /2019.04.05/ Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд манай улсын биеийн тамир, спортын төрийн захиргааны төв байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир, спортын газар ба  аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамирын спортын газар болон Боловсролын газар, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Үндэсний Олимпийн Академи, Спортын холбоод, их, дээд сургууль, Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль ба ерөнхий боловсролын сургууль, спортын клубуудын удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, эрдэмтэн, судлаач 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Зөвлөгөөнд оролцогчдоос сурагчдын эрүүл мэнд, чийрэгжилт, бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн төвшинг дээшлүүлэх ба тэдний дунд зохион байгуулах биеийн тамирын боловсрол, бие бялдрын хүмүүжлийн ажил болон олимпийн боловсрол олгох тогтолцоог боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, оролцоог дээшлүүлэх, хүүхдийн биеийн тамир, спортын эрчимтэй хөгжил, төгөлдөршлийг хангахад зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудтай холбоотой “Зөвлөмж” – ийг батлан гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top