АУДИО: Жамуха хааны хилэнт үг

О.Батсүх | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн "Жамуха хааны хилэнт үг" шүлгийг та бүхэнд сонордуулж байна.

 

Жамуха хааны хилэнт үг

Гүрэн их улсын Гүр хаан Жамуха та мину сэр сэр
Жадаран аймгийг оройлсон Жамуха эзэн та мину сэр сэр
Эзэн богдын эрэлхэг анд Жамуха та мину сэр сэр 
Тайчуудыг тахимдуулж Татаарыг тарамдуулсан сэцэн Жамуха та мину сэр сэр... хэмээн сэтгэлдээ шившрэн суусаар нэг л мэдэхэд орчлонгоос тасарсан мэт огт оргүйд ууссан мэт этгээд совинд автав аа

*** *** ***
Аминаасаа уйдсандаа хүслээ дагаж нөгчөөгүй ээ би
Андаа хайрласандаа илдний үзүүрт өлгөгдөөгүй ээ би
Эр чадал минь барагдаад өвдөг сөхөрч унаагүй ээ би
Эрэмгий дайчид, эмс хатад эрх сүр бүгдээрээ Жамуха надад сөгдөж байсан юм.
Ээ чааваас гэж. Өнөөдөр та нартай юу ч хэлэлцэх вэ.
Эцгээ алдмар. Өнчирч зовох өлбөрч холбирч үзээ юу та нар

Тэнгэрийн дор газрын инд Тэмүүжин Жамуха хоёр андалж
Тэртээх зууны дэлхий дайдыг 
Тэвчээр ухаан хоёроор чичрүүлж явсныг мэдэх үү
Хорвоог хоёр захаас нь атиртал хумьж
Хотлыг адуу шиг хурааж агт шиг номхруулж
Бэрх хатуу дайнч омгийг ч шагай шиг нясалж, загас шиг гөхдөж
Бээрийн газрыг сараар товчилж биесээ мартан зүтгэж явсан 
Тэртээх зууны бужигнаан дундаас
Тэмүүжин бид хоёрыг хэн чинь өнөөдөр таних юм. Хэлээд өг яг одоо.

Олоон олон, олон зууны тэртээ
Ононы мөсөн дээр шагалзаж явсан
Тэмүүжин Жамуха хоёрын ижилхэн хүсэл зангилагдаж
Тэнгэрийн дор тангараг өргөсөн тэр андгайг мэдэх үү. 
Арван гурав дахь зуунд очоод үзсэн үү та нар
Амныхаа зоргоор чалчиж санаан дураар бурахыг ямар чөтгөр чинь заав.
Гүрэн монголын их хаан, сэцэн Жамухыг мартсан уу та нар.
Гүтгэж гутааж, бахаа хангаж ханаагүй л байна уу та нар.

Борхиртлоо зүтгэж босгосон, Монголын төрийн жолоог
Босоо хийморьтой хоёр эзэн хуваах учиргүйг мэдэх үү
Нэгэн нарны доор хоёр хаан багтахгүйн учир
Амиа нэг нь тэвчиж, андынхаа их сэнтийг сүнсээрээ тахих учиртай
Цусаараа өргөсөн тангараг ёсоороо тэгж дууссаныг
Цуварч одсон он цагийн тэртээд нууц болон оршоох бас нэгэн нууцыг та нар ер дуулсан уу гэж омголон догшин дуу тэнгэрээс цуурайтах мэт....

*** *** ***
Он цагийн тоосонд нь туурь болон дарагдсан
Одод орчих хязгаарт түүх болон бүдгэрсэн 
Сэцэн Жамуха хаантаны догшин дүр тодорч бүдгэрсээр
Сэтгэлийн гүнд зэм хүртээв үү гэмээр зөн совин цочроов оо.

Соёрхын Пүрэвсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top