Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ оны эхний хурлаараа тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан нь энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл 2019 оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн дундаж өр, орлогын харьцаа 60 хувь, үүнээс тэтгэврийн зээлийн дундаж өр, орлогын харьцаа 96 хувь байна.
Мөнгөний бодлогын хорооноос хэрэглээний зээлийг хумих чиглэлд ээлжит шийдвэр гаргасантай холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал байр сууриа илэрхийлэхдээ “Урт хугацааны хандлагыг харж байгаа. Макро зохистой бодлогын хүрээнд хоёр зүйл яригдаж байгаа. Нэгдүгээрт, ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувьд хүргээд байна. Гадаад зах зээлээс улбаатай валютын ханшийн зээлийн эмзэг байдлыг бууруулж өгөх зорилготой. Одоогоор зээл болон хадгаламжийн долларжилт түүхэн доод гэж хэлж болохуйц хамгийн бага түвшинд хүрээд байна. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд өрхийн зээл маш их нэмэгдээд байна. 2016 оноос хойш бий болсон эдийн засаг сэргэлтэд эдийн засаг руу мөнгө нийлүүлсэн гэдэг утгаараа эерэг нөлөөтэй байсан. Гэхдээ үүнийг бид цаашид даамжруулах боломжгүй. Энэ нь эрсдэлтэй. Өрхийн санхүүгийн чадавхийг бууруулж, өрийн дарамтыг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, эдийн засагт ямар нэгэн шок үүссэн тохиолдолд энэ нь банкны системийн зээлийн чанарт эрсдэл үүсгэнэ. Тэгэхээр бид үүнийг зохистой түвшинд нь хязгаарлаж, тогтвортой түвшинд авч явах ёстой. Хэдийгээр өр орлогын харьцаа 70 хувь гэж байгаа боловч энэ бол өндөр үзүүлэлт. Олон улсын жишигт 30-40 хувь л байдаг. Тэгэхээр нэгэнт орлого, цалингийн өсөлт, түүнийг дагасан хэрэглээ нэмэгдэж байгаа үед бид хэрэглээний зээлийг шат дараатайгаар бууруулах нь зүйтэй юм. Энэ нь санхүүгийн эрсдэлд орохоос өрхүүдийг хамгаалах, эдийн засагт шок үүссэн тохиолдолд өрхүүдийг хүнд, хэцүү байдалд оруулахгүй байх, улмаар банкны салбарт зээлийн чанаргүйдэл үүсэхгүй байх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцтэй” гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )