ХӨЛБӨМБӨГ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээд лигийн нээлтэд оролцов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 13

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.04.13/ Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны дээд зэрэглэлийн тэмцээн “Мазала Дээд Лиг”-ийн нээлтийг тохиолдуулан Монголын хөлбөмбөгийн холбоонд хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцан, дээд лигийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Ерөнхий сайдыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон зөвлөлийн гишүүн М.Болд нар угтаж авч, МХБХ-ны үйл ажиллагаа, цаашдын зорилго, зорилт болон бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан юм. Уулзалтын төгсгөлд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХБХ-ны цаашид хийхээр зорьж байгаа ажлууд болон бүтээн байгуулалтуудыг ихэд сайшааж, дэмжиж туслахаа амлалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээд лигийн "СП Фалконс" болон "Андууд Сити" багуудын тоглолтын өмнө хэлсэн үгэндээ “Монголын хөлбөмбөгийн холбоо жил бүр эх орондоо 40 гаруй төрлийн олон улсын болон дотоодын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулж, 2 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийж, 300 сая орчим төгрөгийн татварыг улсад төлж байгаа нь энэ байгууллагын эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулж байгаа нэн үнэ цэнэтэй хувь нэмэр гэдгийг зориуд тэмдэглэн хэлье” гэлээ. Мөн тэрбээр Монгол улсаас анх удаа МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монголын хөлбөмбөгийн холбоо болон энэ спортын төлөө хүч хөдөлмөрөө зориулж байгаа хүн бүрийн амжилтыг олон улсад хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл хэмээн бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тоглолтод оролцож буй багуудын төлөөлөл, тамирчидтай уулзан мэндчилсэн бөгөөд МХБХ-ны 60 жилийн ойн мэндийг Монголын хөлбөмбөгийн гэр бүлийн бүх гишүүдэд хүргэж, цаашдын хөгжил дэвшилд их амжилт хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top