“Оюу толгой” ХХК, түүний ханган нийлүүлэгчид үйл ажиллагаа, ажлын байраа танилцууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Оюу толгой” ХХК, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран Даланзадгад хотноо ээлжит нээлттэй өдөрлөгөө /2019.04.15/ зохион байгууллаа. “Түншлэл 2019” өдөрлөгт “Оюу толгой” компанийн томоохон хэлтэс албад, тус компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч 26 компани оролцож үйл ажиллагаагаа танилцуулав. Мөн Мөн “Оюу толгой” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын зарлаад буй ажлын байруудыг танилцуулсны зэрэгцээ техник, мэргэжлийн сургалтуудын талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Тус өдөрлөгийг нээн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэхдээ, 2018 онд “Оюу толгой” компани орон нутгийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн ажлын хүрээнд Өмнөговь аймгаас 126 сая ам.долларын худалдан авалт хийснийг онцлов.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Өмнөговь аймгийн  иргэдийн ажилгүйдлийн түвшин 2016 онд 14.3 хувь байсан бол 2018 оны эцэст 7.3 хувь болж багассан байна. Оюутолгой компани нь сүүлийн гурван жилийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд зайлшгүй хэрэгжих шаардлагатай нийгмийн суурь үйлчилгээ болон бусад салбарын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулж, дөрвөн жилийн хугацаанд уг сангаар дамжуулан 43 тэрбум төгрөгөөр 87 төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байна. Мөн 2018 онд орон нутгийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн ажлын 123 сая ам.долларын худалдан авалт хийсэн байгаа нь аймгийн хэмжээнд уул уурхайд шаардлагатай бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, улмаар үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтворжиж, иргэдийн байнгын ажилтай, орлоготой байхад тодорхой хувь нэмэр оруулсан. Оюутолгой компани нь уул уурхайн салбарын хүний нөөцөд томоохон эерэг нөлөө үзүүлж байгаа. 2019 оны гуравдугаар сарын байдлаар орон нутгийн 3231 иргэн Оюутолгой болон гэрээт компаниудад ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт ажилчдын 20 хувийг эзэлж байна. Цаашид Оюутолгойд орон нутгаас ажиллах тоог нэмэгдүүлэх чиглэлд  бид хамтран ажиллаж байна” гэлээ.

“Оюу толгой” компанийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли “Өмнөговь аймаг нь Оюу толгой компанийн хамгийн том түншийн нэг бөгөөд ирээдүйд уурхайн үйл ажиллагаатай зэрэгцэн өсөн дэвжинэ гэдэгт итгэлтэй байна. Аливаа бизнес амжилтад хүрэхийн тулд ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байдаг. Оюу толгой компанийн ус дахин ашиглалт 88 хувьтай байгаа бөгөөд 81 тэрбум төгрөгийг усны төлбөр хэлбэрээр Өмнөговь аймагт оруулсан байна. Бидний усны хяналтыг Олон улсын санхүүгийн корпорацаас үнэлж, 2018 онд шилдэг ус хэмнэгч байгууллагаар шалгаруулсан. Бид 2010 оноос хойш Монгол Улсад 8.7 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд 2.3 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Оюутолгой компани нь 91 сая ам.долларыг хүний хөгжил, боловсролын чиглэлд зарцуулсан. Зөвхөн 2018 онд дотоодын 600 гаруй түнш байгууллагатай хамтран ажиллаж, 439 сая ам.долларын худалдан авалт хийсэн байна” гэлээ.

Энэ үеэр Өмнөговь аймаг, “Оюу толгой” ХХК 2019-2021 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн стратегийг баталсан нь орон нутгийн иргэдийн хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал байлаа. Мөн өдөрлөгийн үеэр иргэд аюулгүй ажиллагааны үзүүлэн таниулах сургалт, гүний уурхайн виртуал орчны танилцуулгад сууж, Оюу толгойн уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хийж буй ажлуудын талаарх онцлох мэдээллийг авлаа.

“ОЮУ ТОЛГОЙ” 2018 ОНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ

“Оюу толгой” компани Өмнөговь аймаг, Ханбогд сумтай 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хамтын ажиллагааны хэв зарчмаа тогтсон байдаг. Уг гэрээгээ хэрэгжүүлэх зорилгоор “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-г мөн оны есдүгээр сард байгуулсан. “Оюу толгой” компани “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5 сая ам долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулж иржээ. Өнгөрсөн хугацаанд сангаас нийт 36.7 тэрбум төгрөгөөр 78 төсөл хөтөлбөр санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна. Төсөл хөтөлбөрийг орон нутгийн захиргаа, иргэд өөрсдөө санал болгож, хамтран хэрэгжүүлдгээрээ онцлог ажээ.

“Оюу толгой” ХХК сүүлийн дөрвөн жилд гэхэд дараах томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлжээ. 2015 онд Даланзадгад суманд 200 хүүхдийн 25, 26-р цэцэрлэг, 2016 онд Даланзадгад сумын 2-р сургуулийн спорт заал, Баян-Овоо суманд 10 ортой хүн эмнэлэг, 2017 онд сум дундын малын эрүүл мэнд нэгдсэн төвийн оффис, 4 айлын орон сууц, авто граж, малын саравч зэргийг хамтад нь барьж тус төвд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр хангасан байна.

Харин өнгөрсөн 2018 онд Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын барилга, Ханбогд - Оюу толгойн уурхайг холбосон 35.1 км хатуу хучилттай замыг барьж ашиглалтад оруулжээ.  

ӨДӨРЛӨГӨӨР “ОЮУ ТОЛГОЙН”-Н ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧИД 64 ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОЛОО

Хүний нөөц, ханган нийлүүлэлтийн бодлого ажил хэргийг илүү бодитой үр дүнтэй болгох талаар Өмнөговь аймгийн удирдлагууд, Оюутолгой ХХК-ийн удирдлагуудтай санал солилцож цаашид иргэдийг сул чөлөөтэй ажлын байраар хангах, орон нутгийн үйлдвэрлэгчдийг ханган нийлүүлэгчээр оролцуулах зарчимд тулгуурлан хариуцлагатай уул уурхайг бий болгоход тэд санал нэгдлээ.

Тодруулбал Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж байгаа нийт ажилчдын 50 хувиас доошгүй хувийг орон нутгийн иргэд эзэлдэг байх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 89 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгох, Өмнөговь аймгийн үйлдвэрлэгчдээс Оюутолгой ХХК гэрээт компаниудад ханган нийлүүлэлт хийхэд ажлын хэсгүүд, уурхайн болон аймаг сумын удирдлагууд уялдаа холбоогоо сайжруулж ажиллах тал дээр санал нэгдлээ.  

"Түншлэл-2019" нээлттэй өдөрлөгт Оюутолгой ХХК-ийн гэрээт 26 компани оролцож 233 нээлттэй ажлын байранд 1020 иргэнийг бүртгэж 64 иргэнийг шууд ажлын байртай болголоо.

“Оюу толгой” компанид есөн жилийн турш уурхайн ажилчдын хувцас ханган нийлүүлж, хамтран ажиллаж буй “Өмнөговь интерпрайз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүрэн “Манай оёдлын үйлдвэр нь 2010 оноос хойш Оюутолгой компанитай хамтарч ажилласан. Тухайн үед 10 ажилтантай байсан бол одоо 50 ажилтантай болсон. Оюутолгой компанитай хамтарч ажилласнаар хөрөнгө оруулалт, ажилчдын тоо нэмэгдсэн. Манай компани 2016 онд Оюу толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч болсон. Жилд ойролцоогоор ажлын 12000 хувцас хийж Оюутолгой компанид нийлүүлдэг. Өвөл, зуны хувцас хийж, нийлүүлж байна. Өмнөговь аймгийн Политехникийн коллежоос мэргэжлийн ажилтан авч ажиллуулдаг. Мөн Өмнөговь аймгаасаа оёдлын үйлдвэртээ ажилтан авахаар ажлын байр зарлаад байна” гэлээ.

“Өмнөговь интерпрайз” компани нь ил ба далд уурхай, уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын тусгай зориулалтын хувцас, хэрэглэл, барилга болон бусад үйлдвэрүүдийн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны хувцас, албан газар, үйлчилгээний байгууллагуудын хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг байна. Тус компани нь “Оюутолгой” ХХК-ийн хоёр удаагийн ханган нийлүүлэгчдийн тендэрт шалгарчээ.

Оюутолгой компани1000 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.43.155) 2019 оны 04 сарын 17

Ийм л байгаа юм Оюутолгой. Тэгэхээр мэргэжлийн бус Сумъяабазар сайд чин сэтгэл гарнаж ажиллаж чадаж байгаа учраас л Оюутолгойг өмөөрөөд ажиллуулъя гээд байгаа юм биш. Үнэндээ Оюу толгойг хийрхэлээр зогсоовол Монголын уул уурхайн хөгжил зогсоно. Муу хэлүүлдэг энэ салбар уналтанд орвол монголын эдийн засг хэцүүдэнэ. Цалин, тэтгэвэр нэмэх биш өгч чадахгүйд хүрэхийг хэнч тооцож бодоогүй. Харин гэрээг сайжруулах монголынталын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой.

0  |  0
Top