ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр” болгон тунхагласнаас хойш дэлхий дахинаа 24 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр нь хүн бүрт номын үнэ цэнийг ухааруулах, ном бүтээх, хадгалж хамгаалах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой өдөр юм.
2019 оны “Дэлхийн номын өдөр”-ийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас ном хэвлэн нийтлэгчид, зохиолчидтой хамтран “Улаанбаатарчууд уншиж байна” уриан дор номын өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгт “Номын хямдралтай үзэсгэлэн худалдаа”, номын сангийн сан хөмрөгт тулгуурласан “Ховор номын үзэсгэлэн”,“Их хотын уншлага” яруу найргийн уншлага, ЕБС-иудтай хамтарсан “Шилдэг шүлгийн уран уншлага" зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ. Мөн номын сангийн зүгээс тэргүүний уншигч тодруулан, урамшуулах аж.
Ном дор сүслэдэг, номын цагаан буянд залбирдаг та бүхнийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас зохион байгуулж байгаа өдөрлөгт идэвхтэй оролцож, дуртай номоо хямдралтай үнээр худалдан авахыг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )