Б.Хаш-Эрдэнийн "Элит шүүгч" болох шалгалт үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Олон Улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч Болдын Хаш-Эрдэнэ өнгөрсөн ням гаригт /2019.04.21/ "Улаанбаатар", "Эрчим" багуудыг шүүн явуулж, АХБХ-ны "Элит шүүгч"-ийн хоёр дугаар шатны шалгалтаа эхлүүллээ.

Гишүүн холбооныхоо шилдэг шүүгчид ОУХБХ-нд /FIFA/ бүртгэлтэй болсоныхоо дараа АХБХ-ны /AFC/ тоглолтуудыг шүүн явуулахын тулд тусгай шалгалт өгдөг. Б.Хаш-Эрдэнэ 2018 оны 10-р сард "Элит шүүгч"-ийн эхний шалгалтаа өгч, тэнцээд байсан. Тэгвэл хоёрдугаар шатны эхний шалгалтанд дотоодын дээд лигийн тоглолтыг хэрхэн шүүж байгаагаа АХБХ-оос томилогдсон хянагч шүүгчид харууллаа. Хоёрдугаар шатны шалгалтад АХБХ-оос нийт гурван тоглолт дээр ажиллаж байгаа байдлыг шалгах юм.

Б.Хаш-Эрдэнийн тоглолтыг хянахаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд манай тивийн бүхий л том тэмцээн, чухал тоглолтуудыг дэнсэлсэн БНСУ-ын домогт шүүгч Квон Жун Чүн хүрэлцэн ирсэн. Дараагийн шалгалтыг авахаар АХБХ-оос өөр хянагч шүүгч томилогдоно.

Монголын хөлбөмбөгийн холбоо шүүгчдийнхээ мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс гадна дотны сургалтуудад хамруулж, тивийн түвшинд гарахад нь тусалж ажилладаг. Энэ хугацаанд Монголд анх удаа АХБХ-ны Элит шүүгч төрөн гарсан нь ОУХБХ-ны футзалын шүүгч Р.Жаргалсайхан билээ.

Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top