Хөлбөмбөг: Охидын шигшээ өрсөлдөгчөө илт давуу хожлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамотогийн удирдлага дор анхныхаа тэмцээнд оролцож байгаа Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ баг өчигдөр /2019.04.23/ Тажикистаны шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо.

Манай шигшээ багийн ахлагч Т.Ундрал тоглолт эхлээд ердѳѳ 13 минут өнгөрч байхад Т.Лорагийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг гоол болгож, багтаа тэргүүллийг авч ирсэн юм. Удаах гоолыг Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ тѳдийгүй 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Э.Энхмаргад оруулж, тооны харьцааг 2:0 болгон холдууллаа.

Тажикистаны эсрэг хийсэн тоглолтод хамгаалалт, довтолгоонд жигд оролцож байсан н.Дэлгэрзаяа торгуулийн цохилтоос эцсийн цэгийг тавьснаар манай охидын шигшээ тоглолтын эцсийн үр дүнг итгэл тѳгс ѳѳрсдийн болгов.

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ 2018 оны арваннэгдүгээр сард Тажикистанд 4:1-ээр хожигдож байсан бол ѳнѳѳдѳр 19 насны шигшээ баг тэднээс хариугаа авч чадлаа. Япон мэргэжилтэн Рио болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд нарын хамтын удирдлага, охидын хичээл зүтгэлээр эхний хожлоо авсан Монголын шигшээ "Бангамата Алтан Цом"ын тэмцээний дараагийн тоглолтоо маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд Лаостой хийх бѳгѳѳд тэр тоглолтын үр дүнгээс үл хамааран хэсгээс гарах болзлоо хангасан гэдгийг дуулгахад таатай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top