Монгол Улсад Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт нээж, Тариаланчдын зөвлөгөөнөө зохион байгуулан, 2019 оны хаврын тариалалтын чиг хандлагаа тодорхойлон ярилцлаа.
Тариаланчдын зөвлөгөөний хүндэт хойморт Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүндэт тугийг залж, төр засаг, түмэн олноороо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн баатар, гавьяатууд тухлан сууж бахдал хүндэтгэлийг хүлээлээ. Эх нутгийнхаа эрүүл аюулгүй хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрхэм үүргээ Сэлэнгийн тариаланчид нэр төртэй биелүүлж яваа. Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхийг нөр их хөдөлмөрөөрөө бүтээлцсэн баатар, гавьяатуудыг энэ өдөр “Хүндэт дэвтэр”-т гарын үсгийг нь зуруулж мөнхөллөө. “Хүндэт дэвтэр”, 60 жилийн ойн хүндэт тугийг атрын анхны шанг татсан хуучнаар Зэлтэрийн САА одоогийн Түшиг сумаас эхлэн аялуулахаар болж сумын удирдлагад гардуулан өглөө.
“Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарын анхаарах асуудал, орон нутагт хэрэгжүүлэх арга зам” илтгэлийг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, “Орчин үеийн газар тариалангийн чиг хандлага” илтгэлийг “Тогтвортой хөгжлийн түүчээ”ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Баяртулга, “Хаврын тариалалтад баримтлах агро зөвлөмж”-ийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Газар тариалангийн секторын эрхлэгч, доктор Ж.Намбар, “Төмс, хүнсний ногооны агро зөвлөмж”-ийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Төмс судлалын секторын эрхлэгч Х.Нямгэрэл, “Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний танилцуулга”-ыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар танилцуулж харилцан ярилцлаа.
Эрдэмтэн докторуудын илтгэл мэдээллээс тариаланчид олон шинэ сэргэг мэдээллийг олж авч энэ жилийн хаврын тариалалтын чиг хандлагаа ч тодорхойлж, Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойдоо өндөр ургацаар бэлэг барих сэтгэлийн дуудлагаар энэ өдрийн зөвлөгөөнийг Сэлэнгийн тариаланчид өндөрлүүллээ.
Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ойн нээлтийн арга хэмжээ, атрын аяны талаар аймгийн удирдлага, ахмад тариаланчдын сэтгэгдлийг сонслоо.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр
ХХАА-н дарга асан Д.Бадарч
Ерөө сумын “Их шинстэй” ХХК-ийн захирал С.Ганболд
Сэтгүүлч Б.Мөнхзаяа
Зураглаач Б.Давааням
Сэтгэгдэл ( 0 )