"Jenesys 2.0" хөтөлбөрт хамрагдсан залуус МҮОХ-нд зочиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

XXI зууны Зүүн Азийн хүүхэд залуучуудын харилцааг өргөжүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газраас “Jenesys 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Япон орны соёл заншил, түүхэн газар, өндөр хөгжилтэй хотоор аялах уг хөтөлбөрт Монгол улсаас жил бүр Спорт, Соёл, Шинжлэх ухаан-технологийн салбарын нийт 80 гаруй залуучууд хамрагддаг байна.

Өдгөө 4 дэх жилдээ хэрэгжсэн энэ удаагийн хөтөлбөр нь гуравдугаар сарын 10-18-ны өдрүүдэд өрнөж, спортын салбарыг төлөөлөн 16 залуу тамирчин хамрагдав.

Өнөөдөр /2019.04.24/ Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ичиока, тэргүүлэх ажилтан П.Чинзориг нар болон “Jenesys 2.0” хөтөлбөрт хамрагдсан залуу тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Кэндогийн тамирчин Г.Уранчимэг залуучуудыг төлөөлөн хөтөлбөрийн тухай танилцуулга хийж, сэтгэгдлээ хуваалцсан бол, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Jenesys 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэн цаашид илүү олон хүүхэд, залуусыг хамруулж, залуу тамирчдыг дэмжих талаар Япон улсын элчин сайдын яамны төлөөлөгчидтэй санал солилцов.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top