АТГ-ын ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгав. Энэ хүрээнд тус аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, 9 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянан үзлээ.
Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж явуулсан байна. Нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд эцэг, эхчүүдээс нийт 132,821.115 төгрөгийн хандив авчээ. Зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх зөрчлийг гаргасан.
Дээрх зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах талаар АТГ-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр тогтов.
Эх сурвалж: АТГ
Сэтгэгдэл ( 0 )