МАН: АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.04.29/ ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг томилох саналыг бүлгийн гишүүд  дэмжсэн байна. 

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх үндэслэлийг "Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон" гэж тайлбарлаж байгаа юм.  


АТГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ З.ДАШДАВАА 

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол: 

  •  1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ЫН ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТСАЙХАН

Боловсрол:

  • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
  • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
  • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн байдаг. 

Санал хүргүүлэх тухай албан бичигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны   02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг. Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг. Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын   27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын   11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна. Тухайлбал, энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм" гэсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нн(202.126.89.121) 2019 оны 04 сарын 29

ХАЯНХЯРВАА БУЦААД ИЙ??? ХА ХА

0  |  0
ИРГЭН(202.179.26.234) 2019 оны 04 сарын 29

ХЭЗЭЭ БҮЛГИЙН ДАРГА БОЛЧИХСОН ЮМ БЭ? ЭРГЭЭД МИ УИХ-ЫН ДАРГА БОЛОХ ЮМ БНА ДАА.

0  |  0
Huuchin darga(202.70.34.70) 2019 оны 04 сарын 29

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ?

1  |  0
МАНАН(202.179.27.24) 2019 оны 04 сарын 29

Батсайхан л жаахан тиймхэн юм.Урд нь АТГ-д байсааас эхлээд. Гэхдээ яах вээ.

0  |  0
Top