Жирийн иргэдэд олдоггүй байсан ЖДҮ-гийн зээл одоо “хаана” байгаа вэ? Нэр бүхий УИХ-ын гишүүдийн “хүртсэн” зээл үнэхээр жижиг дунд, үйлдвэрлэгчдэдээ хүрсэн бол хэчнээн олон ажлын байрыг дэмжиж, хэчнээн жижиг, бичил үйлдвэрийг хөл дээр нь босгож чадах байсан тухай хангалттай яригдсан. Тухайн үед жижиг, үйлдвэрлэгчид цугларан цаашид зээлийг яаж үр дүнтэй, жинхэнэ эздэд нь хүргэж болохыг ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байсныг санаж байна уу? Одоо харин байдал ямар байна? Хамгийн гол нь ЖДҮ-гийн гэх энэ хэргийн хамгийн гол сургамж, хамгийн гол үр дүн нь дараа, дараагийн зээлийг яаж жинхэнэ ЖДҮ-чиддээ хүргэж байх вэ гэсэн шийдэл, гарцыг олох ёстой гэсэн санал ч хангалттай яригдсан шүү дээ.
Тэгвэл одоо байгаа мэдээллээр бол энэ жил ЖДҮХС-нд энэ жил 47 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Зээлийг ирэх тавдугаар сараас олгож эхэлнэ гэгдэж байна. Гэхдээ энэхүү үүнээс аймаг бүрт нэг тэрбум буюу 21 тэрбум төгрөг, үлдсэн 26 тэрбум төгрөгийг нийслэлийн хэмжээнд ЖДҮХС болон банкаар дамжуулж олгоно гэсэн чиглэлтэй байна.
Энэ хангалттай, зөв шийдэл мөн үү? Жишээлбэл, Говьсүмбэр аймаг гэхэд 10 гаруй мянган хүн амтай. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг гэхэд ... гаруй мянган хүн амтай. Уг нь зөвхөн хүн амаас гадна үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн боломж нөхцөл, зах зээлийн эрэлтийг тооцоолон зээлийг хуваарилж болмоор. Энэ удаад бол аймаг орон нутагт тал хувийг, нийслэлд талыг нь гэсэн шууд л тэгшитгэсэн хуваарилалт хийсэн мэт.
Түүнээс гадна хамгийн анхаарал татахуйц асуудал нь 500 саяас дээш төгрөгний зээлийг банкуудаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэйгээр олгогдоно гэж буй. Улстөрчдөд олгосон жилийн 3 хувийн хүүтэй зээлийн дэргэд “гомдмоор” сонсогдож байгаа биз. Мэдээж энд банкуудын шимтгэл, үйл ажиллагааны зардал шингэсэн байгаа байх. Гэхдээ л жижиг дунд үйлдвэрлэгчдээ бус, банкуудаа дэмжих зээл болчихож байгаа юм биш биз гэмээр. 500 саяас дээш төгрөгийн хувьд банкууд эрсдлийн нөхцлөө тооцсон, нэлээд өндөр шалгууртай зээл олгох нь тодорхой.. Ингэхээр барьцаа хөрөнгө, эргэлтийн чадал муутай нөгөө жинхэнэ жижиг, бичил үйлдвэрлэгчид “тойрог”-ийн гадуур үлдчих вий гэсэн бас нэг болгоомжлол байна.
Яагаад банкуудаар дамжуулах болсон бэ гэвэл зээлийн төсөл болгонд эрсдлийн шалгуур хангах эсэхийг тогтоох, зээлийн бичиг баримтыг хүлээн авах олгоход ЖДҮХС-гийн одоогийн нөхцөл байдал дангаараа хүрэлцэхгүй байгаа гэсэн. Гэхдээ уг нь ажлыг хийе гэсэн сэтгэл байвал арга нь олддог л гэдэг сэн. Үүнийг ч цаашдаа анхаарна биз.
Мэдээж бүх зүйл шууд төгс сайхан болох боломжгүй. ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд нь хүргэдэг болохын тулд тооцоо судалгаа, бодлого зохицуулалт гээд цаг хугацаа ч шаардагдах олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Магадгүй энэ жилийн хувьд зээл одоо яригдаж байгаа хувилбараар хуваарилагдлаа гэхэд дараа, дараагийн жилүүдэд илүү оновчтой хувилбарыг хэрхэн боловсруулахаа одооноос ярьж шийдэх ёстой буй за.
Тухайлбал, үйлдвэрлэлийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, борлуулалтын сезон зэргийг харгалзан төсөл сонгон шалгаруулалтаа өөр өөр саруудад, жишээ нь ХАА, газар тариалангийн салбарын төслийг 2-3-р сард, жуулчлалын улиралд илүү борлуулалттай байдаг үйлдвэрлэгчдийн төслийг 3-4-р сард хүлээн авч олгох мэт зохицуулалт хийж болох олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Дээр нь тооцоо, судалгаа хамгийн эн тэргүүнд шаардлагатай гэдгийг хэлүүлэх юун?
Яаж хийх вэ гэж үү. Хүчээ нэгтгэж, ажлаа төлөвлөж чадвал бидэнд боломж байна. Тухайлбал, нийслэлийн дүүрэг бүр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газартай. Хороо, дүүргийн ажилтнууд хаана, хэн, ямар хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа, ямар хэмжээний зээл тусламж шаардлагатай байгаа гэсэн тодорхой мэдээлэлтэй байдаг, яг анхан шатны нэгжид ажиллаж байгаагийнхаа хувьд. Тийм болохоор эхний удаад хүчээ нэгтгээд жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нөхцөл байдал, цаашид үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломж бололцоо бүхнийг нэгтгэсэн тооцоо судалгаа гаргавал ямар вэ? Ямар ч ажилд тооцоо судалгаан дээр үндэслэж гэмээнэ алдаа, эндэгдэл бага гардаг гэдэг. Та юу гэж бодож байна, та ч бас саналаа хэлээрэй.
/Үргэлжлэл бий/
Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын захирал О.Гэрэлт-Од
Сэтгэгдэл ( 0 )