АУДИО: Залуу нас минь

О.Батсүх | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор  Болор цомын эзэн, яруу найрагч Б.Баттулгын ''Залуу нас минь'' шүлгийг та бүхэнд сонордуулж байна.
Уншсан: О.Батсүх

                           

Залуу нас минь

Залуу нас минь хараацайн уран нислэг юм

Залуур үгүй,чиглэл үгүй чөлөөт уналтын хурд юм

 Төөрч яваагаа ч мэдэхгүй төгөлдөр төөрөлт юм

Төөрч явахдаа л жаргалтай төөрөг тавилан юм

Залуу нас минь дотоод тэнгисийн цалгиа юм

Зах үгүй,дундаж үгүй,усан боомтын зогсоол юм

 Хайрлаж байгаагаа ч мэдэхгүй гэгээхэн тэмүүлэл юм

Хайрлаж байхдаа л жаргалтай халуухан зураг юм

Залуу нас минь их тунгалаг гэрэл юм

 Задарч дэлгэрэхдээ дуулж байгаа цэцэг юм

Алдаж гишгэвэл хальж унах нарийхан хавцал юм

Амьдралын тухай цэгнээ нь үгүй жинхэнэ гэгээрэл юм

 Залуу нас минь морин цэцэгний өргөс юм

Залбирал үгүй,өшрөл үгүй дэврүүхэн сүү юм

 Асгарч байгаагаа ч мэдэхгүй халил өндөрийн хүрхрээ юм

Асгарч байхдаа л агуулгатай ай дүүрэн мөрөн юм

Залуу нас минь гэрлээр солонгорох ёслолын буудлага юм

 Замыг хөтөлсөөр жамд хүргэх цаг өртөөний буухиа юм

Дэрвэж байгаагаа ч мэдэхгүй ялалтын туг юм

Дэрвэж байхдаа л эгшигтэй салхич шувууны домог юм

Нарны чагтаганд зэллээстэй сар жилд

Намайг орхихдоо даанч нэг гомдох

Залуу нас минь Залуу нас минь

 Б.Баттулга. Болор цомын эзэн, яруу найрагч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top