Алслагдсан соёл иргэншил, тэдний аж амьдралын түүхийг харуулах мэт өнө эртний олдворууд дурайна. Хамгаалалт, бэлгэдэл, заншил, хүн ёсны эдлэл болж байсан хэрэгслүүд яван явсаар чимэглэл, гоёл болон хөгжсөн хэдэн мянганы түүхээс хураангуйлан сөхөх нь...
Хүн төрөлхтөн инстинктээрээ гоёж чимэх дуртай байсан бололтой. Барьцтай судалгаа хийх боломж нас барагсадаа баян тансаг хувцас, гоёл чимэглэлтэй оршуулдаг байсан заншлын ул мөрөөс эхлэх бол ваар, уран баримал болон хадан дээр дүрслэгдсэн зураг, сийлбэрүүдээс түүнээс өмнөх үеийн гоёл чимэглэлүүдийн талаар багагүй мэдээллийг авч болох юм.
ТҮҮХИЙН ЭХЛЭЛ - ЗАГАСНЫ ШҮД, ЗААНЫ СОЁОН ГОЁЛ
Үнэт металл ирлүүлэхээс өмнө далайн эрэг дагуу амьдардагчид элдэв бүрхүүл, загас, загасны шүд, өнгө өнгийн чулуу тэргүүтнээр өөрсдийгөө чимэглэж байв. Харин далай тэнгисээс хол амьдрагчид хоол хүнсэндээ зориулан агнасан амьтадаасаа чимэглэлийн материалуудаа авна. Тухайлбал, бугын эвэр, арслан зааны соёо, шувууны өд, амьтны арьс болон бүх төрлийн яс байна. Эдгээр зүйлсийг байгалийн унаган төрхөөс нь өөрчлөн, нарийн төвөгтэй хэлбэрт шилжүүлэн гоёл болгон ашиглаж байж.
Энэ эриний дараагийн үед нүүдэлчний амьдралаас суурьшсан нийгмийн дэг журамд шилжив. Ихэнх хүмүүс гол мөрний эрэг дагуу суурьшин, хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэхээр хөдлөв. Энэ нь шууд бусаар эрдэс баялгийн онгон ордуудыг илрүүлэхэд хүргэсэн гэх ба тэр үед л бидний одоогийн хэрэглээний салшгүй хэсэг болсон алт болон бусад үнэт металл, чулууг олж авчээ.
Хэдхэн өгүүлбэрт багтаан бичсэн дээрх он жилүүдэд үнэт эдлэлүүд хүний биеийн бүх хэсгүүдэд зориулагдан олширсон байдаг. Толгойд л гэхэд хаан, хатны титэм, үс, сам, ээмэг, хамар, уруулын цагираг, чихний бөглөө гэх мэт. Хүзүү, их биед л хүзүүний зүүлт, фибули нэртэй эртний аюулаас хамгаалах зүү, боолт, цээжний хуяг, бүс цагний оосор сэлт. Гар болон тохойнд хуяг, бугуйвч, бөгж. Гуя болон хөлөнд гуяны “бугуйвч”, шагайн “бугуйвч”, хурууны бөгж, гутлын гогцоо зэрэг орох аж.
БАРИМТ: БИДЭНД ОЛДСОН ХАМГИЙН ЭРТНИЙ ЭДЛЭЛ ЮУ БАЙВ
Ойрхи Дорнод ба Барууны эрин үеэр зорчвол...
Сумерер
Үнэт эдлэлийн хамгийн эртний жишээнүүд МЭӨ III мянганаас үүдэлтэй Сумерийн Үр буюу одоогийн “Tall al-Muqayyar” дэх Пу-Аби Хатны булшнаас олдож байсан гэх. Судлаачид Сумерын үнэт эдлэлийг хараад “Бараг одоогийн бүх техник ажиллагааг мэддэг байсан бололтой” хэмээн шагшдаг. Тэд гагнуур, хайлш, хээ угалз тавих, чулуу зүсэх, паалангаар бүрэх техникийг хүртэл ашигласан байв. Хавтгай, дугуй, цилиндр, бөмбөрцөг гээд геометрийн бүхий л дүрсийг шигтэгжээ. Нөгөөтэйгүүр, гоёл чимэглэлийн дүрслэл нь амьтад, хүнсний ногооны ертөнцийг илэрхийлж, дундыг баримталсан өнгүүдэр шийдсэн байх нь үндсэн реализм дээр тулгуурлаж байсныг илтгэнэ.
Египет
МЭӨ 1539-1292 оны үед амьдарч байсан удмынхаа XVIII зууны үеийн залгамжлагч гэх Фараон Тутанхаумн хааны булшийг олж нээсэн нь энэ үеийн гоёл чимэглэлийн талаар явуулах судалгааны томоохон бааз болов. Египетийн хаадуудын эдэлж хэрэглэж байсан гайхамшигт үнэт эрдэсүүдийг илрүүлээд зогсохгүй, Египетийн алтны дархдын өндөр ур чадварыг мөн энэ малтлагаар олж илрүүлжээ. Энэ судалгааны ажлуудаар л өнөөгийн бидний үздэг кино, драмуудад Египетийн ертөнцийг илэрхийлэх хамгийн чухал зүйлс болох гоёл чимэглэлүүдийн нарийн деталийг мэдэж авсан гэж хэлж болно. Дээрх эрдэнэс одоо Кайр дахь Египетийн музейд хадгалагддаг бөгөөд дэлхий дээрх хамгийн том алт, үнэт эдлэлд тооцогдоно.
Тутанхамунгийн бунхан хэмээн бидний хэлж дадсан энэ бунханы гоёл чимэглэлүүд нь Египетийн бүхий л үнэт эдлэлүүдийн адил шашин болон ид шидэд итгэх үнэмшлүүдээр гоёчлогдсон байна. Өөрөөр хэлбэл далд ертөнц, ер бусын зүйлстэй харилцаа үүсгэх боломж олгодог байсан гэдгээрээ үнэ цэнээ алдалгүй, агуулга хэлбэрийг нь хэн ч өөрчилж зүрхшээлгүй үлдээв. Гэвч хүн төрөлхтөн орчин үеийн соёлт нийгэмтэй танилцаж эхэлсэн XVIII зуунаас Египетийн гоёл чимэглэлүүдэд гадны нөлөө орж, сонгодог үйлдвэрлэл хувьсан өөрчлөгдөж, улмаар Грек болон Ромуудын нөлөөллөөр аажмаар мөхсөн тухай судлаачид цохжээ.
Айжиан
Гоёл чимэглэлийн дараагийн үе бол газрын дундад тэнгисийн Миноан гэх арал дээр цэцэглэн хөгжиж байсан хүрэл зэвсгийн үеийн соёл иргэншил юм. Миноаны гар урчуудын нөлөөгөөр тамга болон бөгжинд эрдэнийн чулуу шитгэх үйл эхэлсэн хэмээн судалгаанд бичигджээ.
Этрускан
Харин Этрускан хэв маяг хэмээн тэмдэглэгдсэн үед өмнө нь огт байгаагүй шинэ концепт бий болсон нь агуу том болоод үлэмж их байдал бөгөөд асар их баялагийг зорилгоо болгосон чимэглэлүүд байв. Энэ үед техникийн ур чадварынхаа бүх нөөц бололцоог ашиглан өнгөт шигтгээгүй, зөвхөн алт ашигласан хээ угалз, гүдгэр төвгөр загваруудыг урласан нь түүхэн дэх хамгийн том ололтуудын нэг болжээ.
Грек
МЭӨ V зууны үед гоёл чимэглэлийн урлагт дорно дахины загварын хэв маяг ихээхэн нөлөөлж иржээ. МЭӨ VII зуунтай харьцуулахад дайны үзэгдлүүд болон амьтдын загвар алга болж, түүний оронд гоо сайхныг чухалчилан бөгжний шигтгээг л гэхэд өргөн зууван хэлбэртэй, хүний дүрстэй байхаар шийдэж эхлэв. Энэ үед “Геркулес зангилаа” гэх бидний өнөө үед ч ашигладаг арга, техник бий болж, түүнийг шидэт зангилаа хэмээн үзэж титэм, бугуйвч, бүс, цагирган дээрээ зайлшгүй хэрэглэн, шидийг хүртдэг байв.
Ром
Эртний Ромын үнэт эдлэлүүд дунд үедээ өөрийн гэсэн онцлог шинжийг олж, хэмжээнд (маш том бөгж гэх мэт) их ач холбогдол өгдөг байсан нь дээдсүүдийн өөрсдийн сүр хүчийг харуулах гэсэн мөн чанартай нийлэх мэт. Угаас энэ үеийн эстетик “сүр” гэх ойлголттой салшгүй холбоотой. Энэ үед өнгөт чулуу, хагас сар, дөрвөн хирээстэй дугуй хэлбэрүүд бий болгон өргөн хэрэглэгдэж эхлэв. Нөгөөтэйгүүр, Ромын цэрэг дайчдын хуягаас харж болох алтан тор болон гинж шиг олон унжлагат ээмэг сэлт “мода” болсон тул их хэмжээгээр үйлдвэрлэдэг байж. Эрдэнийн чулууг шууд ашиглахаас илүүтэй сийлж, талстжуулж, түүндээ ороонго, лаврын навч зэргээр суурь хийн гоёдог байсан нь та бүхэнд төсөөлөгдөж байгаа болов уу.
ДУНД ЗУУНЫ ҮЕД ИРЭХЭД...
Ингээд бид Дундад зууны үед ирэхэд Ромын металл урлалын техник, пааландах арга илүүтэй хөгжиж, материалдаа үнэт чулуу, сувд ашиглаж эхэлсэн байх бөгөөд хамгийн гол нь маш төвөгтэй сүлжээсэн хээ угалзууд ашиглан шувуу болон цэцэгний дүрслэл хийхийг сайханд тооцох болсон байв. Сонирхолтой нь, 12-р зууны туршид ихэнх Византинууд хагас саран хэлбэртэй ээмгийг л зүүдэг байж.
Харин Исламын улс орнуудад үнэт эдлэлүүд илүү тансаг төрхийг олж эхлэв. Томоохон хэмжээний дайн байлдаанууд их болох тул байлдан дагуулалт бүрийн дараа шинэ соёл, шинэ гоёлтой танилцана. Энэ бүрт гоёл чимэглэлийн загварууд ч улам хөгжингүй, улам ч чамин болж байлаа. Тухайлбал, Турк Монголчуудын /Timur/ дээдсийн хүрээний эмэгтэйчүүд эрдэнийн чулуутай үсний засалт, эрэгтэйчүүд нь титэмтэй байв. Мөнгөөр урласан гоёл чимэглэлүүд ихэвчлэн сийлсэн эсвэл хөөмөл дизайнтай байх бөгөөд эрдэнийн чулуутай толгойн гоёл, цагираг, ээмэг, хүзүүний зүүлт, бугуйвч сэлтийг өргөн хэрэглэж байж. XVI зуунаас эхлэн Туркт алдар нэр олсон техник бол, хаш зэрэг хатуу чулуунуудыг эрдэнийн чулуугаар бүрж дээр нь нарийн хийц бүхий алтан цэцгэн угалзаар чимэглэх явдал байжээ.
Баруун Европ
Романэскийн буюу 950-1150 оны үеийнхэн үнэт эдлэлийг маш бага хэрэглэдэг байв. Голцуу энгэрийн зүү болон бөгжийг шашны агуулгатай хослуулан хэрэглэдэг байснаас үзэхэд тэд гоёл чимэглэлд мөнөөх шидийн утга өгдөг байсан нь харагдана. Тухайлбал, бөгжийг сахиус, зөн, бурхантай холбогдох холбоос, ямар нэгэн хаалга мэтээр хүлээн авах бөгөөд ахуйн хүрээнд тамга болгон ашигладаг байлаа. Харин энэ үед энгэрийн зүүний хамгийн алдартай нь дугуй, од, эсвэл пентагональ /таван өнцөгт талс мэт/ хэлбэртэй байсан гэдэг. Төв хэсэгт нь онгорхой энгэрийн зүүнүүд ч чамгүй алдартай байсан тухай эх сурвалжуудад дурдагджээ.
СЭРГЭН МАНДАЛТЫН ҮЕЭС ОРЧИН ҮЕ РҮҮ ШИЛЖИВ
XV-XVI зуун
Сонгодог үзлийн "дахин төрөлт"-ийн үед алтан эдлэл хөгжлийн дээд шатанд хүрэв. Сэргэн мандалтын үед Европ даяар үнэт эдлэлийн хэрэглээ асар их өсч, бөгж гэхэд гоёл байхаас гадна хэрэглээ болсноос хязгааргүй өргөн сонголттой боллоо. Хүмүүс бөгжнийхөө дотор шүтээн, бэлгэ тэмдэгээ эсвэл хор, эм бэлдмэлээ ч хийж болох нээгддэг ирмэгтэй загварууд урлаж, түүнийгээ ихээхэн сонирхох болжээ.
XVII зуун
Энэ үед цэцэг, хүнсний ногооны гоёл чимэглэл нь үнэт эдлэлийн дизайнеруудын хувьд хамгийн загварлаг сэдэв болж, Европ даяар тархжээ. Зангилаа, тууз, рококо угалзны чимэглэлийн хэв загвар ихээхэн хөгжсөнөөр уран сайхны дүрслэл бүхий чимэглэлүүд багассаар эцэстээ мөхөв.
XVIII зуун
Энэ үеийн үнэт эдлэл нь очир алмааз болон бусад үнэт чулууны хайчилбарыг ашиглах, алдаршуулах зорилготой байсан юм. Унжлагатай өргөн чокер хүзүүний зүүлт алдартай байсан бөгөөд гэдэсний гоёлын зүү загварлаг хэвээр ч улам хөнгөн, жин багатай хэв маягийг олжээ. Очир алмазны гоёмсог талстуудын гоо сайхныг харуулахын тулд урагш хойш савлаж байхаар хүзүүний зүүлт, ээмэг, бөгж сэлтэд шийдэж эхэллээ. Олон янзын эрдэнийн чулуунаас бүрдэх цэцгийн баглаа хэлбэртэй энгэрийн зүү моданд орж, өмнөх зууны нэгэн адил эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд гутлын шигтгээтэй бүсийг гутландаа зүүх соёлыг үргэлжлүүлж байв.
XIX зуун
Аж үйлдвэрийн хувьсгал болж гоёл чимэглэлээр өөрийн нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлдэг үзлийг үүрд үгүй хийв. Дундаж давхаргынхан худалдан авч чадахуйц үнэ бүхий гоёлын чимэглэлийн асар том зах зээл бий болж, улмаар үнэт эдлэл ч мөн адил “машины” хөлд сөхрөв. Хэдийгээр “машины” ноёрхол өсч байсан хэдий ч алтны дархадын техникийн чадвар өндөр түвшинд хэвээр үлдэж чадсан нь гайхалтай.
XIX зуунд масс үйлдвэрлэлээс гадна шинэ хөрөнгөтний ангиудын шаардлагад нийцсэн өндөр чанартай үнэт эдлэл үйлдвэрлэх том хэмжээний арилжааны пүүсүүд бий болсныг ч дурьдалгүй өнгөрч болохгүй.
XX зуун
Энэ шинэ үед уран зураг, уран барималуудтай нягт холбоотой үнэт эдлэлүүд бий болж эхлэв. Зохиомж нь ихэвчлэн геометрийн хэлбэрүүдийн харилцан нөлөөлөл дээр тулгуурлах бөгөөд алмаз болон бусад үнэт чулууг харьцангуй бага ашиглана.
Ийнхүү явсаар орчин үеийн олноор үйлдвэрлэсэн үнэт эдлэлийн хамгийн сүүлийн үеийн хөгжил нь хуванцарыг ашиглах явдал болов. Энэ материал нь хүссэн өнгөө өгөх боломжоор урлаачдыг хангаж, тэдний сэтгэлийг татаад зогсохгүй, бусад ямар ч материалтай уусан нэгдэх чадамжтай, хослуулан хэрэглэх боломжтойгоороо онцгойрон гарч ирсэн юм.
XXI зуун
Гоёл чимэглэлийн түүх өнөөдөр ч үргэлжилсээр байна. Өнгөрсөн, туулсан цаг хугацаанд хэрэглэж байсан бүх л загвар, материалуудыг бид бүгдийг нь өнөөдөр хэрэглэсээр. Энэ үед тодорхой, шинэ хэв загвар гэж үгүй бөгөөд өнгөрснөө дахин шинэчлэн давтах үйл явц эрчимжив. Хүмүүс өөрийн хүссэн цаг үеийн, хүссэн гоёл чимэглэлээ хайн, эрэн байж хэрэглэнэ. Гэвч урлаачдын эрэл дууссангүй, өнөөдрийг хүртэл эмэгтэйчүүдийн таашаалд нийцүүлэх дахин шинэ боломжуудыг эрэлхийлсээр байгаа нь цуцашгүй...
МОНГОЛД ИРТЭЛ...
Монгол улсын хувьд жилийн дөрвөн улиралтай тул эмэгтэйчүүд дун өвөлдөө амьтны арьс, үсийг үнэт эрдэнэ, уламжлалт угалз хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг байсан байж болзошгүй.
Болзошгүй... гэх учир нь эртний Монголчуудын язгууртны бунхант оршуулга манай улсаас хараахан олдоогүй байна. Харин сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Таван Толгойд малтан судалсан булшнууд XIII-XV зууны монгол язгууртных болох нь тодорхой болж буй талаар судлаачид өгүүлжээ. Эмэгтэй хүний булшинд ихэвчлэн гоёл чимэглэлийн зүйлс, богтаг малгай, үйлний хайч, ээрүүлийн таваг, сам, толь, сав суулга зэргийг хийсэн байсан нь өдгөө бидний хувьд багаахан ч атугай судалгааны нөөц болон үлджээ.
Монгол угсаатнууд байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншлаас шалтгаалан хэт их гоёж гангалахгүй. Улирлын нөхцлөөс шалтгаалан Монгол эмэгтэйчүүдийн гоёлын нэг томоохон хэсэг нь малгай байв. Өдөр тутамд эмэгтэйчүүд морь малтай ихэд ойр байх тул ихэнх ястнууд үсээ туйванд /үсний гэр/ хийн, туйвны дээд талыг чимэглэн, үзүүрт нь эрвээхий дүрстэй мөнгөн эдлэл зүүж, хар цацаг унжуулна. Харин дулаан цагт эмэгтэйчүүд чулуу болон нарийн хийц бүхий мөнгөн эдлэлээс бүрдэх толгойн гоёл зүүнэ. Толгойн гоёл нь дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвчтой, түүн дээрээ малгай өмсөнө. Зарим ястан хоёр тал руугаа дэрийлгэсэн буюу эвэр мэт үсэнд мөнгөн хавчаар хавчиж, туйван руу хийх зурваст зуйван мөнгөн хавчаар зүүнэ. Охид болон эхнэр хүний үсний гоёл өөр өөр байна. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуурга чимэг унжуулах бөгөөд үүнийг санчиг хэмээн нэрийднэ. Гурав, тав, долоо, есөн салаа шүр, сувдан зүүлт бүхий энэ гоёл маш хүнд, зарим нь 5-6 кг жин хүрдэг байсныг судлаачид тодотгоно.
Толгойн гоёлоос гадна эмэгтэйчүүд сахиус шүтээнээ дээдлэн хүзүүндээ зүүхдээ тусгай энгэрийн гуунд хийнэ. Энэ нь XVI зууны үеийн Европчууд сахиус, шүтээнээ бөгжиндөө хийдэг байсантай ижил юм. Гууны оосрыг нь мөнгөөр хийж, маанийн үсэг болон үнэт чулуун шигтээ шигтгэх бөгөөд иймийг ихэвчлэн язгууртан эмэгтэйчүүд зүүн хэрэглэдэг байлаа.
Харин эртний монгол эмэгтэйчүүд чихэндээ зүүх гоёл чимэглэлээ сүйх хэмээн нэрийдэж мөн л шүр, сувд, эрдэнийн чулууг голчлон хэрэглэнэ. Сүйх нь хорол, загас хэлбэртэй, гол зүүлтний шүр мөнгөн унжлаганаас салаалуулан хийсэн хэрэглэл юм. Энэ нь эхнэр хүний төрийн хэрэглэл гэгдэх бөгөөд эхнэр болсны баталгаа хэмээмүй. Бөгжний тухайд алт мөнгө, гангаар хийсэн цулгуй, дундаа ховил, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янзын бөгжийг хэрэглэнэ. Бугуйвчийг алт, мөнгө, зэсээр хийлгэж цулгуй чигээр нь хэрэглэхээс гадна хээ угалз бүхий үнэт чулуун шигтгээгээр чимж хэрэглэдэг.
Монгол бүсгүйчүүдийн бас нэгэн түгээмэл чимэглэл бол хоёр ташаанд унжуулах бэл хэмээх дүгэрэг хорол зүүлт болно. Халх эхнэрийн бэл нь дээрээ шүрэн голтой эргүүлэгтэй байх ба түүнээс таван өнгийн алчуур унжуулан зүүн талын бэлнээс хөөрөг, тамхины хавтага зүүх бол баруун талдаа “таван саваагүй” зүүнэ. Баруун нутгийн ястнууд “таван саваагүй”-д хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, хумс цэвэрлэгч, шүдний чигчлүүрийг хэрэглэдэг бол халх эмэгтэйчүүд чихний ухуур, хэлний хусуур, хумсны хир арилгагч, хөмсөг засагч, шүдний чигчлүүрийг оролцуулдаг байсан нь цэвэрч нямбай бөгөөд аж ахуйч байсныг харуулна.
Харин ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд “Хүрээ хүүхнүүд” гэж гоо сайхнаараа алдаршсан бүсгүйчүүд бий болж эхлэв. Тухайн үеийн хамгийн тансаг даавуу, чисчүү, хөөрөг, сувдан даруулга мэтийг хэрэглэнэ. Үсний чимэг, гоёлт зүүлт нь нүдний гэм болсон ховор эрдэнээр чимэглэгдсэн байна. Тэд идэр есийн хүйтэнд минж, булга, халиу суусрын арьсаар хувцсаа зэхэж алт мөнгөн хийцтэй урт хэт хутга зүүдэг байсан нь хэрэглээнийх биш гангарааных байсан гэлцдэг. Тэдний бас нэгэн гоёл нь өндөр зэрэглэлийн тамхитай янжуур, гаанс байлаа. Хүрээний уран гартайгаараа гайхагдсан дархадаар хийлгэсэн нарийн хийцтэй, үнэт чимэглэлээр гоёсон гаанс хэрэглэсэн бүсгүйчүүд түүнийгээ гайхуулан хүрээний гудмаар алхдаг байсан тухай түүхэн эх сурвалжуудад бичигдэн үлджээ.
Энэ үеэс даруй нэг зуун жилийн өмнө өмнө буюу XIX зуунд Европын орнуудад аж үйлдвэрийн хувьсгал явагдаж, гоёл чимэглэлийн зүйлсээр нийгмийн давхрагаа тодорхойлдог байдал ор мөргүй устан үгүйрсэн байсан билээ.
ӨНӨӨДРИЙН МОНГОЛД....
Орчин үеийн Монгол улсад техник технологийн хөгжил, улс орнуудын соёлын нөлөө ихээхэн орж ирэв. XIX зуунд болох ёстой байсан аж үйлдвэрийн хувьсгал Монголд дөнгөн данган XX зууны сүүлээр залган, залуусыг гадны улс орнууд руу сургахаар илгээж, тэд ч ирэхдээ гоёл чимэглэлийн шинэ соёлуудыг тээн авч ирлээ.
Одоо Монгол эмэгтэйчүүд амьтан, ургамал, хээ угалз, хүн төрөлхтөний өөрсдөө бүтээсэн шинэ дүрүүд бүхий дүрстэй гоёл чимэглэлийн зүйлс хэрэглэж байна. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл зөвхөн үнэт металл, чулуунаас гадна даавуун эдлэл хэрэглэл, зөөлөн чихмэл ээмэг, толгойн гоёл, бөгж, үсний боолт, хавчаар, хүзүүний зүүлт сэлтийг хэрэглэнэ. Үүнээс гадна нүдний шил, бүс зэрэг нь ахуйн хэрэглээнээс гарч, гоёлын шинж чанартай болжээ. Модернист урлагийн нөлөөллөөр гоёл чимэглэлийн зүйл материалын үнэ цэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй хуванцар, төмөр, ган, даавуу, торго, мод, шил техникийн хог хаягдлыг ч ашиглаж эхлэв.
Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн энэ үед гоёл чимэглэл үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч, нэг загвар хэдэн арван мянгаар хувилагдан “сэтгэлгүй” гэх гоёл чимэглэлийн эрин үе ирэв.
Энэ үед үндэсний гоёл чимэглэлийн онцлогийг шингээн орчин үетэй хослуулсан ГАР УРЛАЛЫН гоёл чимэглэл брэнд болон үлдэв. Урлаачдын гар хийцээр ганц хувь хийсэн гоёл чимэглэл үнэ цэнэтэйд тооцогдох болж, эмэгтэйчүүд үйлдвэрлэлээс татгалзаж өөрт зориулагдсан цор ганц загвар хийцийг чухалчилж эхлэв. Ингэснээр гоёл чимэглэлийг томоохон, бие даасан урлагийн түвшинд хүргэсэн уран бүтээлчид бий болж эхэлжээ. Энэ бол консептын эрин үе ирснийг илтгэх чухал баримт юм.
Монгол улсад “Art jewellery by Tsagaanaa” нэртэй брендийг хөгжүүлж буй уран бүтээлч Э.Цагаанцоож гоёл чимэглэлийг үзэсгэлэнгийн танхимд авч ирэн, цэвэр урлагийн түвшинд хүргэлээ. Тэрээр “Inspire” нэртэй гар хийцийн мөнгөн эдлэлүүдээр үзэсгэлэн гаргасан нь Монголын хувьд цоо шинэ үзэгдэл болов.
Уламжлалт аргыг орчин үеийн загвар хийцээр амилуулан гаргаж буй түүний бүтээлүүдийн сэдэв ихэвчлэн цэцэг, уламжлалт хээ угалз, буган чулуун хөшөөнөөс сэдэвлэсэн буга сэлт байх бөгөөд шууд доош унжсан уламжлалт загвараас зайлсхийж, эмэгтэйн чихний онцлогт тохирохуйц дээш өгссөн, тэмүүлсэн загвартай байх нь сонин. Тэрбээр, ганц хувь бүтээлээ эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь зан ааш, сонирхол, хүсэл, хайрт зохируулан урлах бөлгөө.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... ХЭМЭЭХ ТӨГСГӨЛ
Гоёл чимэглэлийн урлаг модерноос контемпорари болтол хөгжжээ. Ингэхдээ гоёл буюу гоё байх гэдэг үгнээс татгалзаж, илүү шинэ, илүү бүтээлч, илүү сонирхолтой болон туршигдсаар. Шинэ загварууд, шинэ материалууд, шинэ сэдвүүд гоёл чимэглэлийн урлагийг ч мөн орхисонгүй... үргэлжилсээр...
Нийтлэлч: Б.ГЭРЭЛМАА
Сэтгэгдэл ( 0 )